
Зургийг: Arin Yoon/Bloomberg
Чикагогийн биржид улаанбуудайн фьючерс үнэ 1.6 хувиар буурч, бушель нь 7.1 ам.доллар боллоо. Ингэснээр үнэ нь 2021 оны есдүгээр сараас хойших доод цэгт хүрч байна.
Энэ тариалангийн улирлын хоёрдугаар хагаст нийлүүлэлтээрээ тэргүүлэгч ОХУ-ын улаанбуудайн экспорт шинэ дээд түвшинд хүрэхээр байгаа аж. Мөн Украин гуравдугаар сард эцэслэгдэх Хар тэнгисээр дамжуулан үр тариа экспортлох хэлцлийг нэг жилээр сунгаж магадгүй байгаа юм.
Дунд хугацаанд нийлүүлэлт тасалдахгүй гэж арилжаачид үзэж байгаа нь улаанбуудайн үнийн уналтад нөлөөлснийг “Futures International”-ийн шинжээчид мэдээллээ.
Хэдий тийм боловч АНУ болон Аргентинд гангийн улмаас нөөц буурсан учир энэ тариалангийн улиралд улаанбуудайн нөөц 2017 оноос хойших доод цэгт хүрэх төлөвтэй байгааг шинжээчид анхааруулж байна.
АНУ-ын Их нууруудын бүс нутагт цас ихээр орж байгаа нь хаврын тариалангийн улиралд ган гачиг үргэлжлэхээс сэргийлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Хар Тэнгисээр дамжуулан үр тариа экспортлох гэрээг сунгах хүртэл улаанбуудайн үнийн хэлбэлзэл үргэлжилнэ гэж шинжээчид анхааруулж байна.
Украин улс 2022 онд 20 сая тонн улаанбуудай хураан авсан нь өмнөх жилүүдийн дунджаас 25 хувиар доогуур үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч Канад болон ОХУ-ын улаанбуудайн нийлүүлэлт өссөнөөр дэлхийн улаанбуудайн гарц өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байсан юм.