
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
Дэлхийн литийн нийлүүлэлтийн 8-13 хувийг дангаараа бүрдүүлдэг Жянши мужийн Ичунь хотын уурхайд БНХАУ-ын зохицуулагчид шалгалт явуулж байгаагаас нийлүүлэлт тасалдаж магадгүйг “Citic Securities”-ийн шинжээчид анхаарууллаа.
Бээжин байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлэхээр нэг сар гаруй хугацаанд уурхайн литийн хүдэр боловсруулах үйл ажиллагааг зогсоосон аж. Ингэснээр дэлхийн литийн нийлүүлэлт найман хувиар буурч магадгүй гэж “Rysted Energy”-ийн шинжээчид тооцоолжээ.
Хэдий тийм боловч БНХАУ-ын лити боловсруулах зангилаа хотод явуулж буй шалгалт дунд хугацаандаа үнэ өсөхөд нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.
Сүүлийн хэдэн сард БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн литийн эрэлт 50 гаруй хувиар буурсан гэж “Goldman Sachs” тооцоолжээ. Ингэснээр БНХАУ-д литийн үнэ өмнөх оны оргил үетэй харьцуулахад 30 хувиар унаад байгаа юм.