
Зургийг: Al Drago/Bloomberg
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөж, 4.75 байсныг таван хувьд хүргэлээ. Ингэснээр бодлогын хүү нь 2007 оны есдүгээр сараас хойших дээд түвшинд хүрээд байна.
Холбооны Нөөцийн банк есөн удаа дараалан бодлогын хүүг өсгөсөн нь инфляцын эсрэг тэмцэл банкны системийн хямралыг гүнзгийрүүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаагийн дохио боллоо.
АНУ-ын Төв банк хоёр удаа дараалан бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөөд байгаа юм. Цаашид үнийн өсөлтийг эргэн тогтворжуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээ авахаа Жером Пауэлл мэдэгдэлдээ онцоллоо.
Энэ оны эхний хоёр сард АНУ-д инфляц өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байсныг статистик мэдээлэл харуулж байна. Тухайлбал: нэгдүгээр сард инфляц 6.4 хувь, хоёрдугаар сард зургаан хувь байсан юм.
Одоо үүсээд буй банкны системийн хямрал нь бизнес болон айл, өрхүүдийн хувьд зээлийн орчин хязгаарлагдмал болсны үр дүн байж магадгүйг Жером Пауэлл мэдэгдэл хийх үедээ хүлээн зөвшөөрчээ. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх боломжтой ч мөнгөний бодлогын хувьд хэрхэн арга хэмжээ авах хэрэгтэйг хэлэхэд хэтэрхий эрт байна гэж мэдэгдэв.
Холбооны Нөөцийн банкны бодлого боловсруулагчид 2023 оны эцсээр бодлогын хүү 5.1 хувьд хүргэх төсөөлөлтэй байгаа аж. Харин 2024 оны төсөөлөө 4.1 хувиас өсгөн 4.3 хувьд хүргэсэн юм.
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл