
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын “Evergrande” компани лхагва гарагт өрийг дахин төлөвлөх хэлцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зээлдүүлэгч нарт хүргүүлэхээ мэдээллээ.
Дэлхийн хамгийн өртэй үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч “Evergrande” компани томоохон зээлдүүлэгч нараасаа дэмжлэг авсныг эх сурвалж мэдээлсэн юм. Өрийг дахин төлөвлөх яриа хэлэлцээ үргэлжилж байгаа учир тус компанийн шүүх хурлыг ирэх долоодугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулахаар байна.
2021 оны тайлангаас харвал “Evergrande” компани 290 тэрбум ам.доллартой тэнцэх өр төлбөр төлөх ёстой байгаа аж.
Үүнээс 15.6 тэрбум ам.доллар нь бондын өр болохыг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. “Evergrande” компанийн хувьд өмнө нь хэд хэдэн удаа өрийг дахин төлөвлөх саналыг танилцуулах товоосоо хоцорсон байна.
Тус компани хамгийн анх 2021 оны 12 дугаар сард ам.доллароор нэрлэгдсэн хэд хэдэн бондын өрөндөө дефолт зарлаж байсан юм.