
Зургийг: Wei Leng Tay/Bloomberg
Сингапурт гадаадын иргэдийн худалдан авсан тансаг зэрэглэлийн орон сууцны тоо сүүлийн 10 орчим жилийн дээд түвшинд дөхөж ирлээ. Энэ нь тус хот гадаадын иргэдийн орон сууц худалдан авалтад ногдуулах татварыг хоёр дахин өсгөхөөс өмнөх үзүүлэлт юм.
Энэ оны эхний улиралд гадаадын иргэд эдлэн газаргүй тансаг зэрэглэлийн 159 орон сууц худалдан авсныг “OrangeTee & Tie” компани мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71 нэгжээр өссөн үзүүлэлт болж байна.
Статистикийн мэдээллээр Эх газрын Хятадын иргэд хамгийн олон буюу 111 орон сууц худалдан авсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 158 хувиар өссөн дүн болохыг “OrangeTee & Tie” онцолжээ.
Дөрөвдүгээр сард Сингапурт орон сууцны борлуулалт өмнөх сараас 80 хувиар өсөж, сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрсэн байна. Хэдийгээр Сингапурын Засгийн газраас гадаад иргэдийн үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын татварыг 60 хувь хүргэсэн ч өнгөрсөн сард гадаадын иргэд 70 орон сууц худалдан авчээ. Ихэнх худалдан авалт 1.4 сая ам.доллароос 3.7 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа аж.
Геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед гадаадын худалдан авагчид Сингапурын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж үзэх болсныг “OrangeTee & Tie” онцолж байна.