
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“Alibaba” групп логистик болон хүнсний бүтээгдэхүүний нэгжийнхээ хувьцааг олон нийтэд санал болгохоор судалж байна. Мөн бизнесээ зургаан хэсэгт хуваах төлөвлөгөөнийхөө хүрээнд 12 тэрбум ам.доллароор үнэлэгдэх үүлэн тооцооллын технологийн нэгжээ салгахаар төлөвлөжээ.
“Alibaba”-ийн Гүйцэтгэх захирал Даниел Жан бизнесээ хуваах төлөвлөгөөний загварыг анх удаа танилцуулсан байна. Үүнд “Freshippo” хүнсний бүтээгдэхүүний нэгжийн хувьцааг ирэх зургаан сарын дотор Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр тусгажээ. Харин “Cainiao” логистикийн бизнесийнхээ хувьцааг ирэх онд эсвэл 18 сарын хугацаанд бүртгүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн үүлэн тооцооллын технологийн нэгжээ салган, хөрөнгө оруулагч нар ногдол ашиг маягаар хувьцааг нь тараахаар судалж байгаа аж.
Энэ оны эхний улиралд “Alibaba”-ийн борлуулалт 208.2 тэрбум юань хүрсэн нь шинжээчдийн таамагласан 209.2 тэрбум юаниас доогуур үзүүлэлт болсон юм. Тайлант хугацаанд тус компани 23.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.
Үүлэн тооцооллын технологийн нэгжээ салгахаар болсон нь зах зээлийн шаардлагын дагуу бүтцийг нь илүү энгийн болгохоор зорьж буйтай холбоотой гэж “Alibaba"-ийн Гүйцэтгэх захирал тайлбарлалаа.
Бие даасан платформ нь ирээдүйд хангалттай нэмэлт санхүүжилт татаж чадвал ирээдүйд хэмжээгээрээ “Alibaba”-ийг ч ардаа орхих боломжтойг тэрбээр онцолж байна. “Alibaba” группийн хувьд гурав дахь улиралдаа дараалан өсөлт нь 10-аас доош хувьд хадгалагдаж байгаа юм.
Оны эхний улиралд БНХАУ-ын зах зээлд интернэт худалдааны бизнесийнх нь орлого гурван хувиар агшсан байна. Мөн үүлэн тооцооллын технологийн бизнесийнх нь орлого анх удаа буурсныг мэдээллээ.
Улирлын тайлангаа танилцуулсны дараа “Alibaba”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 5.4 хувиар унажээ.