
Зургийг: Samuel Corum/Bloomberg
Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засаг 2023 онд 4.5 хувиар тэлнэ гэж тооцооллоо. Өмнөх тооцоололд таван хувиар тэлнэ гэж таамаглаж байсан бол дөрөвдүгээр сарын тайландаа төсөөллөө бууруулаад байна.
Дөрөвдүгээр сарын шинэ төсөөлөлдөө Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө 0.5 нэгж хувиар бууруулан, 4.5 хувь болгов. Түүнчлэн 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө 1.5 нэгж хувиар буурууллаа. Ингэснээр ирэх онд Монгол Улсын эдийн засаг 5.5 хувиар тэлнэ гэж таамаглаж байна.
Олон Улсын Валютын Сангийн тооцоолол Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллүүд дунд ийнхүү хамгийн сөрөг нь болж байна.
Олон Улсын Валютын Сан Ази, Номхон далайн улсуудын хувьд бодлогын хүү өсөж, өрийн хэмжээ нэмэгдсэн үед төсвийн алдагдлыг бууруулах нь сорилт болж байгааг онцоллоо. Бүс нутгийн орнуудын Засгийн газрын өрийн хэмжээ цар тахлын өмнөх үеэс мэдэгдэхүйц өсөөд байгаа юм. Ихэнх Засгийн газрууд энэ он болон ирэх онд төсвөө танах төлөвтэй байна. Хэдий тийм боловч энэ нь өрийг тогтворжуулахад хангалтгүй байж магадгүйг анхааруулжээ.
2022 оны IV улирлын байдлаар Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 29.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг Сангийн яамны тайлан харуулж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын гадаад валютаар төлөгдөх өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 230 хувьд хүрснийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк мэдээллээ.
Ази, Номхон далайн улс орнууд дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалахын тулд төсвийн алдагдлыг бууруулахаар бодлогоо улам чангатгах хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан зөвлөж байна.