Газрын тосны экспортын хориг арга хэмжээний улмаас төсвийн орлого нь эрс буурч, Украины дайнтай холбоотой зардал нэмэгдсэнээр ОХУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрлээ.
12 дугаар сард ОХУ-ын төсвийн алдагдал 3.9 их наяд рубль буюу 56 тэрбум ам.доллар хүрснийг Засгийн газрынх нь урьдчилсан тайланд суурилан "Bloomberg" тооцоолжээ. Ингэснээр оны эхний 11 сарын төсвийн ашгийг үгүй хийсний зэрэгцээ бүтэн жилийн төсвийн алдагдал нь 3.3 их наяд рубль давж байгаа юм.
ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов 2022 оны бүтэн жилийн төсвийн алдагдлын дээрх тооцооллыг бататгаж, дотоодын нийт бүтээгдэхийнх нь 2.3 хувьтай тэнцсэнийг Засгийн газрын хуралдааныхаа үеэр мэдээлжээ. Харин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин энэ талаар “Эдгээр үзүүлэлтүүд тийм ч муу биш” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Урьдчилсан тайланд дурдсанаар жилийн зарцуулалтын хэмжээ нь дайны өмнөх төсөөллүүдээс 30 гаруй хувиар давсан байна. ОХУ-д төсвийн зарцуулалт ихэвчлэн улирлын чанартай өөрчлөгддөг бөгөөд жилийн эцэст эрс өсөж, алдагдлыг нэмэгдүүлсэн байна. Харин оны эхний хагаст газрын тос, байгалийн хий болон бусад түүхий эдийн үнийн өсөлт экспортын орлогыг нэмж, хэтэрсэн зарцуулалтыг нөхдөг ч сүүлийн жилд энэ хандлага өөрчлөгджээ.
Хэдий тийм боловч ОХУ-ын төсвийн ерөнхий дүр зураг тогтвортой хэвээр байгаа нь олон жилийн турш төсвийн хатуу бодлого баримталсантай холбоотой аж. Энэ оны төсвийн алдагдал тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх тооцоолол гарсан нь 2022 оны түвшинтэй бараг ижил үзүүлэлт болж байна.