
2023 онд Их Британийн 800 мянга гаруй айл, өрхийн моргейжийн зээлийн хүү хоёр дахин нэмэгдэхээр байгааг Английн Төв банкны Статистикийн алба мэдээллээ.
Тогтсон хүүтэй моргейжийн зээл авсан нийт 1.4 сая зээлдэгч энэ онд гэрээгээ шинэчилнэ. Эдгээр зээлдэгчдийн 57 хувь нь одоогоор хоёр хувийн хүү төлж байгаа аж.
Английн Төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр моргейжийн зээлийн хүү дунджаар 4.41 хувь хүрсэн байна. Ингэснээр энэ онд гэрээ нь дуусах зээлдэгчдийн сарын зээлийн хүүгийн төлбөр нь шинэ гэрээний дагуу 300 ам.доллароор нэмэгдэх ажээ.
Энэ нь хэрэглээний үнийн өсөлтийн улмаас бодит орлого нь буурсан айл өрхүүдийн хувьд хүндхэн цохилт болохоор байна. 2023 онд дөрвөн сая гаруй орон сууц эзэмшигч бодлогын хүүгийн өсөлтийн үр нөлөөлөлд өртөхөөр байна гэж Английн Төв банк мэдэгдээд байна. Английн Төв банк инфляцтай тэмцэхээр 2021 оны 12 дугаар сард 0.1 хувь байсан бодлогын хүүгээ 2022 оны 12 дугаар сар гэхэд 3.5 хувь хүргэж өсгөсөн юм.