
Зургийг: Leon Neal/Getty Images
Тансаг зэрэглэлийн бугуйн цагны онлайн худалдааны хамгийн том компани “Chrone24” ажиллах хүчнийхээ 13 хувийг цомхотголоо. Энэ нь эрэлт өндөртэй “Rolex”, “Patek Philippe” зэрэг брэндийн бугуйн цагны үнэ буурсантай холбоотой юм байна.
2021 онд болон 2022 оны эхэн үед тансаг зэрэглэлийн бугуйн цагны үнэ урьд өмнө байгаагүй өндөр дүнгээр өсөж байсан юм. Харин түүнээс хойш хамгийн эрэлтэй брэндүүдийн хуучин бугуйн цагны худалдан авалт буураад байна.
Крипто зах зээлийн уналт, эдийн засгийн удаашрал, инфляц зэрэг хүчин зүйлс бугуйн цагны эрэлт нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Ялангуяа криптовалютуудын ханш өсөлттэй байх үед тус зах зээлийн хөрөнгө оруулагчдын дунд тансаг зэрэглэлийн бугуйн цагны эрэлт огцом өсөж байсан юм.
Мөн инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарсантай зэрэгцэн ховорхонд тооцогддог байсан зарим тансаг зэрэглэлийн хуучин бугуйн цагны нийлүүлэлт нэмэгдээд байна. “Chrono24” платформ дээрх худалдан авалтын нийт хэмжээ 2022 онд 28 хувиар өссөн ч оны хоёрдугаар хагасаас өсөлт саарсныг тус компани онцолжээ.