logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    20 мянгатын мөнгөн дэвсгэрт 2006 оны үнээр 5960 төгрөгтэй тэнцэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 14 10:05
    2183
    Монголбанк: 1993 оноос хойш мөнгөн тэмдэгтүүдийн дотоод худалдан авах чадвар буурч байна

    Инфляцаас шалтгаалан 1993 оноос хойш Монгол Улсын мөнгөн тэмдэгтүүдийн дотоод худалдан авах чадвар буурч байгааг Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дурдсан байна.

    Төгрөгийн худалдан авах чадварын уналтаас шалтгаалан мөнгөн тэмдэгтийн зохистой бүтэц алдагдаад байгаа юм. Монгол Улстай ойролцоо түвшний хөгжиж буй орнуудтай харьцуулахад эдийн засагт байх зохистой хэмжээнээс ес дахин их тооны дэвсгэрт гүйлгээнд байгааг Монголбанк онцоллоо. Тухайлбал: тав, 10, 20 төгрөг бодит худалдан авах чадваргүй байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэх зардал нэрлэсэн өртгөөсөө өндөр байгаа аж.

    Түүнчлэн хамгийн том дэвсгэрт болох 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийн бодит худалдан авах чадвар инфляцын улмаас анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар буурчээ. Харин гадаад худалдан авах чадвар нь 2.6 дахин буурсан байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханшид урт хугацаандаа уналт давамгайлж байгаагаас шалтгаалан гадаад худалдан авах чадвар муудсаар байгааг Монголбанк анхааруулж байв. Он гарсаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 19 гаруй хувиар сулраад байгаа юм.

    Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэхэд чухал нөлөөтэйг Монголбанкнаас мэдээллээ.

    Есдүгээр сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц  2.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 33.16 хувиар буураад байна. Өөрөөр хэлбэл импортын 2-3 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрчээ. Цаашид Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг үр ашигтай зохистой бүтэцтэй болгохын тулд шаардлагагүй зарим жижиг дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасах хэрэгтэйг Төв банк онцолж байна.

    Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч, албан ханш анх удаа 3400 давлаа. Харин даваа гарагт төгрөг ам.долларын албан ханш 3404-д мөрдөгдөж байна. Баасан гарагт анх удаа 3400 давсан бол ийнхүү дахин 0.07 хувиар буюу гурван нэгжээр суларлаа.

    Мөн юань, рубль, евро, фунт стерлинг болон иен, вон зэрэг дийлэнх валютын  эсрэг 4.65 хүртэлх хувиар сулраад байна. Тухайлбал: юанийн эсрэг 2.07 хувь буюу ес гаруй нэгжээр суларснаар, хослол 479 болов. Энэ нь нэг өдрийн дотор хамгийн их хэмжээгээр суларсан үзүүлэлт болсныг онцолж болохоор байна.

    Мөн иений эсрэг 86 нэгжээр, воны эсрэг 12 нэгжээр суларсан нь хамгийн их хэмжээгээр суларсан үзүүлэлт болжээ. Төгрөгийн вонтой харьцах ханш одоогоор 2.58 болсон нь 2021 оны хоёрдугаар сараас хойших буюу жил гаруйн хугацаа дахь доод түвшин болж байна.

    Цаашлаад еврогийн эсрэг 86 нэгжээр, фунт стерлингийн эсрэг 125 нэгжээр суларсан, валютын зах зээлд огцом хөдөлгөөн ажиглагдаж байгаа нь анхаарал татаж байна.

    Cэтгэгдэл бичих