
ОХУ-Украины дайны улмаас түлш шатахуун, хүнсний үнэ эрс өссөн нь инфляцаар дамжин өрхийн амьжиргаанд шууд бусаар хүчтэй нөлөөлж байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан судалгаа харууллаа.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор судалгаанд хамрагдсан өрхүүдийн 50 хувийн хэрэглээ энэ оны гуравдугаар сараас хойш буурсан байна. Мөн айл өрхүүдийн 67хувийнх нь амьжиргаа гуравдугаар сараас хойш дордсон гэж хариулжээ.
Ихэнх бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалтад хүчтэй нөлөөлж байгаа аж.
Судалгаанд хамрагдсан бизнесийнхний 65 хувь нь ОХУ-Украины дайн эхэлснээс хойш борлуулалтын орлого хумигдаж муудсан гэж хариулжээ.
Дайны улмаас ОХУ-аар дамжих тээвэр саатсан бол БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас урд хилээр орж ирэх тээвэрлэлт удаашралтай байгаа юм. Дайн эхэлснээс хойш судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 43.8 хувьд нь түүхий эд, бараа материал татан авалт доголдсон тохиолдол гарчээ. Мөн зөвхөн ОХУ-аас түүхий эд бараа материал авдаг аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь түүхий эдийн үнэ өссөн гэсэн байна.