
Зургийг: Gabby Jones/Bloomberg
Шинээр нэвтрүүлээд буй зар сурталчилгааг дэмжсэн илүү хямд үнэтэй үйлчилгээний идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо таван сая давсныг “Netflix” мэдээллээ.
Зургаан сарын өмнө танилцуулсан энэхүү үйлчилгээний сарын төлбөр долоо ам.доллар байгаа нь уламжлалт үйлчилгээнээс хоёр дахин хямд үнэ юм. Хэдий тийм боловч сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь төлбөртэй хэрэглэгчдийн тоо гэсэн үг биш ажээ. Зарим хэрэглэгчид нууц үгээ бусадтай хуваалцан ашиглаж байх магадлалтай юм байна.
Гэсэн ч хамгийн сүүлд танилцуулсан тоон үзүүлэлт нь зар сурталчилгааг дэмжсэн хямд үйлчилгээний өсөлтөд санаа зовж байсан хөрөнгө оруулагчдыг тайвшруулж байна.
Оны эхний улирлын байдлаар “Netflix”-ийн олон улс дахь төлбөртэй хэрэглэгчдийн тоо 233 сая даваад байгаа аж. Гуравдугаар сард “Netflix”-ийн зар сурталчилгааг дэмжсэн стриминг үйлчилгээнд бүртгүүлсэн хаягийн тоо нэг сая хүрснийг “Bloomberg” мэдээлсэн юм.
Хэдий тийм боловч одоогоор хэрэглэгчид нууц үгээ бусадтай хуваалцах боломжтой байгаа учир шинэ үйлчилгээний төлбөртэй хэрэглэгч нарын тоо тодорхойгүй байна. Удахгүй нууц үгээ бусадтай хуваалцахын эсрэг арга хэмжээ эрчимжсэнээр сүүлд танилцуулсан тоо өөрчлөгдөх эсэх нь анхаарал татаж байгаа юм.
Зар сурталчилгааг дэмжсэн үйлчилгээг ашиглах боломжтой улс орнууд дахь хэрэглэгчдийн 25 хувь нь дээрх илүү хямд хувилбарыг сонгож буйг “Netflix” онцолж байна.