
Зургийг: Al Drago/Bloomberg
Банкны салбар уналтад орж, инфляц хүлээлтийг давж эрчимжсэнтэй зэрэгцээд “Bitcoin”-ийн ханш сүүлийн есөн сарын дээд түвшинд хүрэв.
Даваа гарагт “Bitcoin”-ийн ханш өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш анх удаа 28 мянган ам.доллар давлаа. Энэ он гарсаар “Bitcoin”-ийн ханш 70 гаруй хувиар өсөөд байна.
“Bitcoin”-оос гадна “Ether”-ийн ханш энэ онд 50 хувиар, “Solana” токены ханш хоёр дахин өсжээ. Ингэснээр крипто зах зээл өнгөрсөн зун “Celsius” компани уналтад орж байсан үеийн алдагдлаа нөхөөд байна.
“Credit Suisse” болон АНУ-ын хэд хэдэн банк уналтад орсноор Төв банкнууд бодлогын хүүг өсгөх хурдаа сааруулна гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүссэн юм. Энэ нь криптовалютуудын ханш өсөхөд нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна.
Долоо хоногийн статистик мэдээллээс харвал АНУ-д суурь инфляц хүлээлтийг давж эрчимжсэн нь үнийн өсөлтийн дарамт үргэлжилж байгаагийн дохио болсон юм. Ингэснээр дижитал хөрөнгийг инфляцын эсрэг хамгаалалтын шалгарсан арга гэж үздэг хөрөнгө оруулагчдын дунд криптовалютын арилжаа эрчимжээд байна. 2022 онд хэд хэдэн нөлөө бүхий крипто бирж дампуурлаа зарласнаар “Bitcoin”-ийн ханш 60 гаруй хувиар унаж байсан юм.
Даваа гарагт крипто зээлдүүлэгч “Matrixport” “Bitcoin”-ийн ханш 36 мянган ам.доллар хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаагаа мэдээлжээ.