
Дэлхийн нүүрсний хэрэглээ ирэх онд оргил цэгтээ хүрэх төлөвтэй байгааг “Bloomberg New Energy Finance” мэдээллээ.
Сүүлийн хоёр жилд эрчим хүчний үйлдвэрлэл дэх нүүрсний хэрэглээ огцом өссөн юм. Энэ нь БНЭУ, БНХАУ-д эрчим хүчний хомсдол нүүрлээд зогсохгүй Европ ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийг орлуулахаар нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотойг шинжээчид онцолж байна.
Эрэлтийн хувьд 2050 он хүртэл хэвээр байхаар байгааг судалгаанд дурджээ. Мөн ирээдүйд цэвэр эрчим хүчинд бүрэн шилжихэд илүү хугацаа орно гэж үзэж байна.
Нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэсэн боломжит хоёр төсөөллийг “Bloomberg New Energy Finance” гаргасан аж. Эхний төсөөлөлд эрчим хүчний эрэлт хүлээлтийг давж өсөх, уул уурхайн салбарын ажлын байр буурч байгаатай холбоотой олон нийтийн эсэргүүцлийг дурджээ. Харин хоёр дахь төсөөлөлд БНХАУ-ын цэвэр эрчим хүчний бодлого, хөгжиж буй орнуудын эрчим хүчний шилжилт хийх эдийн засгийн боломж, үнэтэй холбоотой хүчин зүйлсийг харгалзсан байна..
Хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэх бодлого хүчээ авч буй ч XXI зууны дунд үе хүртэл нүүрсний хэрэглээ тогтвортой байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Тухайн үед эрчим хүчний салбарын нүүрсний эрэлт 2024 оны оргил үеэс 70 хувиар буурч, жилд 1.5 тэрбум тонн болохоор тооцоолжээ. Хэдий тийм боловч энэ хэмжээнд эрчим хүчний салбарын эрэлтийг бууруулахын тулд станцуудад нүүрстөрөгчийг хадгалах технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхээр БНХАУ болон БНЭУ-ын нүүрс олборлогчид гарцаа эрчимтэй нэмэгдүүлээд байна. Ингэснээр нүүрсний үйлдвэрлэл нийлүүлэлтээ даваад байгаа аж.