
Зургийг: Jill Connelly/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийн тэргүүлэх нийгмийн сүлжээний компаниуд сүүлийн хэдэн сарын дотор платформууд нь сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж шүүхэд гомдол гаргасан өсвөр насны нэхэмжлэгчидтэй холбоотой 12 тохиролцоонд хүрчээ. Нөхөн төлбөрийн дүнг нууцалсан ч “Bloomberg Businessweek”-ийн олж мэдсэнээр ихэнх тохиолдолд 2-2.5 сая ам.долларын хооронд байжээ.
Зөвхөн сүүлийн долоо хоногуудад л гэхэд “Meta Platforms” өсвөр насны хоёр нэхэмжлэгчид нийт долоон сая ам.доллар төлөхөөр тохиролцсон гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн байна. Анх удаа мэдээлэгдэж буй эдгээр нөхөн төлбөрийн дүн нь компаниуд өсвөр насны хэрэглэгчидтэй холбоотой олны анхаарал татсан шүүх хурлаас зайлсхийхийн тулд хэр хэмжээний мөнгө төлөхөд бэлэн байгааг харууллаа. Мөн нөгөө талаараа энэ төрлийн хэргүүд компаниудад ямар хэмжээний санхүүгийн эрсдэл учруулж болохыг илтгэж буй.
Одоогоор “Meta”, “Google”-ийн “YouTube”, “Snap” болон “TikTok”-ийн эсрэг 9800 орчим хувь хүний хохирлын нэхэмжлэл муж болон холбооны шүүхүүдэд хүлээгдэж байгаа аж.

Нэгэн өсвөр насны нэхэмжлэгчтэй хийсэн хоёр сая ам.долларын тохиролцоо нь “Meta” наймдугаар сард хэд хэдэн мужид төлөхөөр зөвшөөрсөн 18 тэрбум ам.долларын нөхөн төлбөртэй харьцуулахад өчүүхэн дүн юм. АНУ-ын хэд хэдэн муж “Meta”-ийг тасралтгүй гүйлгэх функц болон “like” дарах зэрэг донтуулдаг үйлдлийг зориудаар бүтээж, хүүхдүүдэд хор хөнөөл учруулсан гэж шүүхэд хандаж байсан аж. Хэдий тийм боловч “Businessweek”-ийн тохиролцооны нөхцөлийг нь олж мэдсэн бүх хэлцэлд компаниуд ямар нэгэн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөөгүй юм.
Нийгмийн сүлжээний донтолттой холбоотой өргөн хүрээний шүүхийн маргаан анх 2022 онд эхэлж байжээ. Тухайн үед гаргасан хувь хүний хохирлын нэхэмжлэлүүдэд компаниудын бүтээгдэхүүн айдас түгшүүр, сэтгэл гутрал, гадаад төрхдөө сэтгэл ханамжгүй байдал, бүр амиа хорлолтод хүргэсэн гэсэн гомдлыг дурдсан байдаг. Эдгээр хэргийг хэрэглэгчдийн нийтэлсэн контентоос илүүтэйгээр компаниуд аюултай бүтээгдэхүүн зохион бүтээсэн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэх шинэ төрлийн хууль зүйн стратегийн хүрээнд гаргаж байжээ.

Удалгүй сургуулиуд болон мужууд үүнтэй төстэй хууль зүйн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, платформуудыг аюулгүй байдлаас илүү ашгаа нэн тэргүүнд тавьсан, донтуулдаг бүтээгдэхүүн зохион бүтээсэн хэрэгт буруутгасан юм. Эдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэний дараа сошиал медиа платформууд энэ оноос хууль зүйн томоохон хариуцлагатай нүүр тулж эхлээд байна.