
Зургийг: dmp.mn
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2026 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр Үндэсний баялгийн сангийн бодлогын хүрээнд “Чингис хаан” Үндэсний баялгийн санд 43.4 тэрбум төгрөг хуримтлуулж, улс орон нутгийн төсөвт 137.1 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр тооцоолж байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар 36.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Төмөртолгойн уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолт, уулын цулын ажил 100 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр энэ онд 1.3 сая тонн хүдэр боловсруулахаас 90 хувийн гүйцэтгэлтэй буйг мэдээллээ.
2027 онд тус үйлдвэр урсгал болон их засварын зардлыг 37 хувиар бууруулахаар төлөвлөж буйгаа онцолж байна. Үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатайг мөн тодотгов.
Үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, өртөг зардлыг оновчтой удирдсаны үр дүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2026 оны эхний хагас жилийн байдлаар 33 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт нийт 74.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснээ мэдээлж байсан юм.