
Зургийг: kaztag.kz
ОХУ дотоодын шатахуун, түлшний хомсдолыг багасгах зорилгоор Казахстан улсаас 50 мянга гаруй тонн АИ-92 автобензин импортлох талаар хэлэлцэж байгааг салбарын дөрвөн эх сурвалжаас эш татан “Reuters” агентлаг мэдээлжээ.
Украины дроны довтолгооноос шалтгаалсан газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гэмтэл, саатал нь ОХУ даяар сүүлийн өдрүүдэд шатахууны ноцтой хомсдол үүсгээд байгаа юм. Тэр дундаа ОХУ-ын төв хэсгийн хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа бүрэн зогссоноор зургаадугаар сарын сүүлчийн байдлаар тус улсад автобензиний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 25 орчим хувиар буурчээ.
Казахстаны Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов автобензин нийлүүлэх албан ёсны хүсэлт Москвагаас хүлээн аваагүй болохоо өмнө нь мэдэгдэж байв.
Дэлхийн шатахуун, түлшний гол экспортлогчдын нэг болох ОХУ экспортын хязгаарлалт тогтоох, боловсруулах үйлдвэрүүдэд олгох татаасыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч буй. Харин автобензин импортлох хувилбар тус улсын хувьд тун онцгой алхам бөгөөд нийлүүлэлтийн хомсдол нь хэр ноцтой түвшинд хүрснийг харуулж байна.
Казахстан одоогоор автобензиний илүүдэл нөөцтэй байгаа ч Атыраугийн газрын тос боловсруулах үйлдвэрт зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 20 хүртэл засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн нь нөөцийг бууруулах төлөвтэйг эх сурвалж мэдээлжээ.