logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ипотекийн зээл олголт нэмэгдэж, орон сууцны үнийн өсөлтийг өдөөж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 08 10:30
    2075

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Re/Max Mongolia: Орон сууцны үнийн өсөлт энэ он дуустал үргэлжлэх төлөвтэй

    Улсын хэмжээнд инфляц бараг 10 сар дараалан буурч, харин орон сууцны үнийн өсөлт эрчээ алдаагүй хэвээр байна. Зургаадугаар сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ дөрвөн сая төгрөг даваад байгаа юм.

    Ипотекийн нөлөөлөл

    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр оны эхний хагас жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувийн өсөлттэй байна. Тэр дундаа хуучин орон сууцны үнийн жилийн өөрчлөлт 13.6 хувьтай гарч, өмнөх оны зургаадугаар сарын үзүүлэлттэй харьцуулбал найман нэгж хувиар эрчимжжээ.

    Ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн, нэмэгдэх хүлээлт үүссэн, Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн өсөлттэй холбоотойгоор өрхийн орлого өсөж, улмаар орон сууцны эрэлт нэмэгдсэн гэсэн шалтгаанууд дээрх өсөлтөд нөлөөлснийг Монголбанк онцолж байв. Багагүй хугацааны турш царцанги байсан ипотекийн зээл олголт энэ оны эхний хагас жилийн эцсээр хэвийн болж, зээл авах хүсэлтэй иргэдийн тоо болон зээлийн үлдэгдэл эрс нэмэгдээд байна.

    2024 оны эхний улирлаас хойш ипотекийн зээлийн үлдэгдлийн сарын өсөлт 100 тэрбум төгрөгөөс төдийлөн хэтрэхгүй байсан бол 2024 оны IV-VI сард  500 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэж, нийт 8.5 их наяд төгрөг хүрсэн байна. Засгийн газрын мэдээллээс харвал оны эхний таван сард нийт 4419 өрхөд 514.9 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлээ шийдүүлсэн иргэдийн тоо өмнөх оны үеэс 55 хувиар өсжээ.

    Өсөлт үргэлжлэх төлөвтэй

    Орон сууцны үнийн өсөлт энэ он дуустал үргэлжлэх төлөвтэй бөгөөд дахин 5-10 хувиар өсөх орон зай бийг дотоодын томоохон агентуудын нэг “Re/Max Mongolia”-ийн Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам ярилцлагадаа онцолж байлаа.

    Монголд залуу гэр бүлийн тоо олон, Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байгаа ч хот маань тэлж чадахгүй байна. Тэгэхээр одоо байгаа нөхцөл бололцоогоор шинэ гэр бүлүүдийг угтаж авахаас өөр аргагүй. Сүүлийн үед яригдаж буй шинэ хот, суурьшлын бүсүүдийн төсөл хэрэгжвэл урт хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн үнэ буурахад нөлөөлж магадгүй. Харин богино хугацаандаа шийдэлгүй байсаар байна.

    Cэтгэгдэл бичих