Зургийг: ParliamentMN
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Парламентын анхдугаар чуулганаар шинээр сонгогдсон 126 гишүүн тангараг өргөлөө. Ингэснээр ес дэх удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэдний бүрэн эрх баталгаажиж байна.
УИХ-ын гишүүд “Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээх”-ээ тангараглав.
Үүнээс гадна анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Санал асуулгаар 126 гишүүнээс тав нь татгалзсан ч олонхын саналаар Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар сонгогдов.
УИХ-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан анхдугаар чуулганд хэлсэн үгэндээ “Улс төрийн намууд УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн төлөө бодлогын төлөө үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг эрх баригч болоод сөрөг хүчнүүд хүндэтгэдэг улмаар үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал” болохыг онцоллоо.
Түүнчлэн “УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, Үндсэн хуулийг дээдэлж ажиллана. Хүний эрхийг хангах, хамгаалах нь Төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд Парламентын анхаарлын төв байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь хүний эрхийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжил хангах зэргийг УИХ онцгой анхаарч ажиллах”-аа тодотгов.
Мөн анхдугаар чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж, Парламентаас гадуур эрх эдэлдгийг зогсоох ёстой. УИХ-ын дарга тэнд тусдаа эрх эдлээд сууж байдаг бүтэц байж болохгүй. Үндсэн хуульд ч үүнийг зааж өгөөгүй. Парламентын засаглалтай ардчилсан улсад Парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож нэг байшинд байдаггүй. Иймд энэ удаагийн УИХ зориг гаргаж, Төрийн ордноос Засгийн газраа гаргана гэж итгэж байна.