Зургийг: Сонгуулийн Ерөнхий Хороо
Шинээр бүрдэх УИХ-ын Анхдугаар чуулган Ерөнхийлөгчийн зарлигаар долоодугаар сарын хоёрны өдөр нээлтээ хийж, сонгуульд ялалт байгуулсан 126 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө. Мөн шинээр бүрдсэн Парламент Анхдугаар чуулганаараа УИХ-ын дарга болон дэд даргаа сонгох юм.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.3-т “Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу 126 гишүүнтэй шинэ Парламентын гишүүдээс хамгийн ахмад нь болох өдгөө 73 настай, Академич Д.Рэгдэл хуралдааныг даргалах юм байна.
Долоодугаар сарын нэгний өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, мөн нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон юм.
Шинэ гишүүдийг батламжилсны дараа Засгийн газрыг хэрхэн байгуулах асуудал хөндөгдөнө. Хэдийгээр Монгол Ардын нам дангаараа 68 суудал авч олонх болсон ч тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг Намын удирдах зөвлөлд танилцуулж магадгүйг дотоод эх сурвалжаас мэдээлжээ. Харин Ардчилсан намаас сонгогдоод буй зарим гишүүдийн мэдэгдсэнээр тус нам сөрөг хүчнийхээ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх сонирхолтой байгаа бололтой.
Парламентад хуулийн хэлэлцүүлэг өрнөхөд хамгийн чухал ач холбогдолтой бүтцийн байгууллага бол Байнгын хороод байдаг. Шинэ намууд орж ирж, сөрөг хүчний намуудын суудал нэмэгдсэнээр тэдний төлөөлөх чадамж, мөн оролцоо нь дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр тэдгээр намуудын бодлогын дэвшилттэй талуудыг эрх баригч нам хүлээн авч, бодлогодоо тусгах магадлал мөн нэмэгдэнэ. Сонгогчид Монгол Улсын хөгжлийн төлөө нэгдэж ажиллаарай гэж тэдэнд саналаа өгсөн.