logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хөдөлмөр шингэсэн мөнгө - Монголчуудын эх орон руугаа гуйвуулах мөнгө сүүлийн 5 жилд $2 тэрбум давжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 02 09:50
    546

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    БНСУ-аас 200 ам.доллар шилжүүлэхэд дунджаар 10.6 ам.доллар буюу 5.3 хувийн зардал гардаг нь "Их 20"-ийн орнууд дундаас хамгийн багад тооцогдох үзүүлэлт болж байна

    Хөгжиж буй орнуудын гадаад санхүүжилтийн нэгэн чухал эх үүсвэр нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эх орон руугаа гуйвуулдаг мөнгө байдаг. Дэлхийн банк “Цагаачлал ба хөгжлийн товхимол” шинэ тайландаа дэлхий даяарх энэхүү мөнгөн урсгалын голлох үзүүлэлтүүд, цаашдын төлөвийг онцолжээ.

    Өсөлт саарав

    2023 онд бага, дунд орлоготой улс орнуудад чиглэсэн албан ёсны мөнгөн гуйвуулгын нийт дүн 656 тэрбум ам.доллароор хэмжигдэж, өмнөх оноосоо 0.7 хувиар өссөн байна. 2021, 2022 онд дэлхийн хэмжээнд мөнгөн гуйвуулгын дүн эрс өсөж байсантай харьцуулахад өнгөрсөн онд нэлээд саарсан нь бүс нутгуудын эдийн засгийн харилцан адилгүй өсөлттэй холбоотой гэж Дэлхийн банк үзжээ.

    2023 онд мөнгөн гуйвуулгын өсөлт саарсан ч хөгжиж буй орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт болон хөгжлийн албан ёсны тусламжийн нийт дүнгээс давсан бөгөөд хүнсний аюулгүй байдал, өрийн асуудал нүүрлэсэн зарим орнуудын урсгал дансанд томоохон дэм үзүүлснийг онцолжээ.

    Бүс нутгаар нь харвал Латин Америк, Карибын орнуудад чиглэсэн мөнгөн гуйвуулга 2023 онд хамгийн өндөр дүнгээр буюу 7.7 хувиар өссөн бол Өмнөд Ази 5.2 хувийн өсөлтөөр удаалжээ. Харин Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад бараг 15 хувиар, Төв Азид 10.3 хувиар буурсан байна.

    2023 онд гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн мөнгөн гуйвуулга 30 хувиар буурч, 280 сая ам.доллар болсон ч энэхүү бууралт нь тоо баримтын засвартай холбоотой байж магадгүй гэж дурджээ. Сүүлийн таван жилийн хугацаанд харвал нийт мөнгөн гуйвуулгын дүн 2.2 тэрбум ам.доллар давж буй бөгөөд цар тахлын өмнө буюу 2019 онд дээд цэгтээ хүрч, 561 сая ам.долларыг гадаад дахь монголчууд гуйвуулж байсан аж. Харин энэ онд Монгол руу чиглэсэн гуйвуулга дөрвөн хувиар өсөж, 290 сая ам.доллар, 2025 онд 300 сая ам.доллар хүрэх төсөөллийг Дэлхийн банк гаргасан байна. 

    Гол сорилт нь шимтгэл

    Хөгжингүй орнуудаас мөнгө гуйвуулахад гарах зардал өндөр хэвээр байгаа нь сорилт болж буй аж. 2023 оны IV улирлын байдлаар гадаад улсаас 200 ам.доллар шилжүүлэхэд тухайн дүнгийн дунджаар 6.4 хувьтай тэнцэх хэмжээний зардал гарч байгааг тус тайланд тооцоолжээ. Харьцуулбал НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд дээрх зардлыг гурван хувь болгон бууруулахаар тусгасан байдаг аж.

    “Их 20”-ийн орнуудаас мөнгө гуйвуулах зардал хамгийн өндөртэй нь ӨАБНУ (12.8 хувь), бол Япон улс 7.0 хувийн зардлаар удаалж байна. Харин хамгийн олон монголчууд ажиллаж, амьдардаг БНСУ-аас 200 ам.доллар шилжүүлэхэд дунджаар 10.6 ам.долларын (5.3 хувь) зардал гардаг нь “Их 20”-ийн орнууд дундаас хамгийн багад тооцогдох үзүүлэлт ажээ.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих