
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн 21 компани 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж, бэлтгэлээ хангаж байгааг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд мэдээллээ. Тухайлбал: “Эрдэнэт үйлдвэр” 100 сая мод тарьж ургуулах үүрэг авсан байна. Энэ хүрээнд 24 тэрбум төгрөгөөр жилд 10 сая тарьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байгаа аж.
Харин “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу мод тарих үүрэг хүлээн, ажиллаж байгаа юм байна. Мөн санаачилгад нэгдсэн уул уурхайн компани бүр Улаанбаатар хотод тус бүр 50 мянган мод заавал тарих ажээ.
Үүнээс гадна банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулна. Мөн Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгч, “ногоон зээл”-ийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд төгрөгийн зээл олгохоор болжээ.
Мод тарих хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрөөд байгаа бөгөөд одоогоор улсын хэмжээнд 10 сая гаруй мод тарьж, арчилж, хамгаалж байгаа аж. Жилийн хугацаанд 39 зүйлийн мод, сөөгийн 12 тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.5 дахин өссөн үзүүлэлт болж байна. Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нийт 680 сая мод тарьж, ургуулах аж. Тухайлбал: нийслэл хот 2030 он хүртэл 13 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 30 сая, нийт 120 орчим сая мод тарьж, ургуулах юм.
Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ