
Зургийг: mining.com
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани зэс-алтны “Хармагтай” төслийн нөөцийн хэмжээгээ шинэчлэн танилцууллаа. Шинэ тооцооллоор зэсийн боломжит нөөц 14 хувиар буюу 463 мянган тонноор нэмэгдсэн байна.
Харин алтны хувьд боломжит нөөцийн хэмжээ нь есөн хувиар буюу 764 мянган унцаар нэмэгджээ. Ийнхүү "Хармагтай" төслийн нийт нөөц нь 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алт байгааг тогтоогоод байгаа аж.
“Xanadu Mines” компанийн хувьд өрөмдлөгийн ажлаа эрчимжүүлж, нөөцийн тайлагналын шалгуураа шинэчилсэн зэрэг нь сайн үр дүн гарахад нөлөөлсөн байна.
Үүнээс гадна "Улаан уул" төслийн хайгуулын өрөмдлөгийн үр дүнд бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрснийг тус компани зургаадугаар сард мэдээлж байлаа. “Xanadu Mines” компани нийт дөрвөн цооногт ойролцоогоор 4880 метрийн алмазан өрөмдлөг хийхэд бүх цооногт гадаргатай харьцангуй ойр бүсээс өндөр түвшний эрдэсжилт илэрсэн аж.
Тус компани үндсэн төсөл болох “Хармагтай” зэс-алтны төсөлдөө 2023 онд 71.9 мянган метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэснээ тайлагнаж байв. Металлургийн судалгаагаар “Хармагтай” төслийн зэсийн хүдрийн металл авалт 94 хувь, алтны металл авалт 92 хувьтай буюу маш сайн үр дүнтэй гараад байгааг мэдээлж байсан юм.