
Зургийг: mmc.mn
Үнэлгээний “Moody's” агентлаг Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг B3 түвшинд хэвээр хадгаллаа. Зээлжих зэрэглэлийн төлөвийг мөн тогтвортой гэж үзсэн байна. Тус компанийн үйл ажиллагаа тогтвортой, өрийн түвшин бага мөн хөрвөх чадвар харьцангуй сайн байгаа зэрэг нь зэрэглэлийг хэвээр үлдээхэд голлон нөлөөлснийг мэдэгдэлдээ дурджээ. Гэхдээ “Mongolian Mining Corporation”-ийн хувьд үйл ажиллагаа нь Монгол Улсад хэт төвлөрснөөс гадна байгаль орчин, зах зээлийн эрсдэлүүдэд эмзэг байгааг тодотгосон байна.
“Moody's” агентлагийн хувьд “Mongolian Mining Corporation”-ийн орлого энэ онд 10 орчим хувиар буурна гэж үзсэн. Үүнд зах зээлд коксжих нүүрсний үнэ буурч байгаа нь нөлөөлнө гэж дүгнэв. Богино хугацаандаа тус компанийн зээлжих зэрэглэлийг ахиулах магадлал бага байгааг “Moody's” мэдэгдсэн. Хэрвээ компани хөрвөх чадвараа илүү сайжруулж, үйл ажиллагаагаа тэлж, тогтвортой санхүүгийн менежментээ хадгалж чадвал зэрэглэлийг ахиулах боломжтой гэж үзэж байна.
Харин эсрэгээрээ хөрвөх чадвар, үйл ажиллагаа нь муудах эсвэл Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах зэрэг нь “Mongolian Mining Corporation”-ийн зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдэгджээ.