Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Оюу Толгой” ХХК-ийн олборлосон зэсийн хэмжээ энэ оны II улиралд өмнөх улирлаасаа 23 хувиар өссөнийг тайлагналаа. Тус компани тайлант хугацаанд гүний уурхайгаас 2.02 хувийн зэсийн дундаж агуулгатай 1.5 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.37 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тонн хүдэр тус тус олборлосон байна.
Энэ онд зэсийн олборлолт нь 30 гаруй хувиар өсөх тооцоотой байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тодотголоо.
“Оюу Толгой” компани 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тонн хүргэх зорилт тавиад байгаа юм.
Энэ хүрээнд гүний уурхайн бүтээн байгуулалт 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд агааржуулалтын урд ба хойд амыг гүний уурхайтай амжилттай холбосон байна. Дээрх хоёр босоо амны нэвтрэлтийн ажилтай холбоотой дэд бүтцийг амжилттай гарган аваад байгаа аж. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайн агааржуулалтыг нэмэгдүүлж, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж олгохыг “Оюу Толгой” компани онцолж байна.
Түүнчлэн тус компани энэ оны II улиралд орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд зориулж 26.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Нийт хөрөнгө оруулалтын 80.8 хувь нь дэд бүтэц хөгжүүлэхэд зориулагдсан бол 10.1 хувь нь эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд зарцуулагдсан байна. Мөн тайлант хугацаанд дотоодын компаниудтай хийсэн худалдан авалтын үнийн дүн 1.3 их наяд төгрөг хүрчээ.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер
Үүнээс гадна “Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компанийн “Панель 1”-ийн хөгжүүлэлт 2024 оны эхний хагаст, харин олборлолт 2027 оны эхний хагаст эхлэхээр байгааг “Оюу Толгой” компани өнгөрсөн онд мэдээлж байв.
Одоогоор компаниудын хувьцаа эзэмшигчдийн хооронд яриа хэлэлцээ үргэлжилж байна. “Панель 1”-ийн хөгжүүлэлт одоогоор хараахан эхлээгүй байгаа бөгөөд шийдвэрлэх шаардлагатай зарим сорилтууд байгаа гэж “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. "Панель 1”-т "Hugo North Extension" орд мөн багтаж байгаа юм.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер