
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Биржийн бүртгэлээс хасах нөхцөл үүссэн 36 хувьцаат компани байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Эдгээр компани тогтмол биелүүлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй ба сүүлийн гурван жилийн үүргийн хэрэгжилт 45-аас доош хувьтай байна.
Түүнчлэн 10 хувиас доош гүйцэтгэлтэй найман компани байгаагаас “Мүдикс”, “Дархан хөвөн”, “Ар Баянхангай”, “Сэлэнгэ-Сүрэг” ХК-ийн гүйцэтгэл дөнгөж 3.03 хувьтай байгаа аж. Мөн “Нако түлш” ХК үүргийн гүйцэтгэлийн биелэлтгүй буюу 0 үнэлгээтэй байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Эдгээр компани холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар наймдугаар сарын нэгний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг Монголын Хөрөнгийн бирж анхааруулсан байна.
Заасан хугацаанд хариу мэдэгдэж, арга хэмжээ аваагүй тохиолдолд “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу бүртгэлээс хасах үндэслэлтэйг тодотгов.