Зургийг: Jet Scooter
Сүүлийн хэдэн жилд Улаанбаатар хотод эрс нэмэгдсэн скутер, суррон зэрэг тээврийн хэрэгслүүд хэдий түгжрэлийг бууруулах ач холбогдолтой ч зориулалтын зам хангалтгүйгээс осол, гэмтлийн тоо өсөж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төв мэдээлж байна. Скутер, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тусламж үйлчилгээ 2023 онд 2207 бүртгэгдсэн бол 2024 оны эхний долоон сарын байдлаар 2300 болж, өмнөх оны үзүүлэлтээс аль хэдийн давжээ.
Эрэлт, хэрэгцээ нь байгаа болохоор энэ зах зээл цаашид өсөөд явах байх. Гол нь Засгийн газраас хууль, эрх зүйн зохицуулалт, хатуу дэд бүтцийн төлөвлөлт талд дэмжлэг үзүүлбэл түгжрэл буурахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал 2023 онд 4625 ширхэг цахилгаан дугуй, суррон, мопед, скутэр импортолсон бол 2024 оны эхний долоон сард 7116 ширхгийг оруулж ирээд байгаа аж. Тиймээс эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг энэ чиглэлийн үүрэг бүхий ажлын хэсгийнхэн онцолж байв.
Эн тэргүүнд импортоор орж ирж буй суррон, скутерийг тээврийн хэрэгслийн аль төрөлд хамааруулж бүртгэхийг шийдэж, техникийн шаардлагуудыг тодорхой болгох нь зүйтэйг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Очирбат онцолж байна.