Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага COVID-19-ийн халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа 10 улсыг нэрлэлээ. Япон улс нэгдүгээрт, БНСУ хоёрдугаарт бичигдэж байгаа бол БНХАУ гуравдугаарт, ОХУ долоодугаарт бичигдэж байна. Эдгээр улс бүгд Монгол Улс руу шууд нислэгтэй, хүн ам ихээр зорчдог юм.
Сүүлийн байдлаар Монгол Улстай хамгийн ойр БНХАУ-ын Эрээн хотод COVID-19-ийн халдварын хоёр тохиолдол батлагдсанаар энэ сарын 10-12-ны өдрүүдэд хөл хорио тогтоож, иргэдээс нь шинжилгээ авахаар болсон байна. Заасан хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн “Сөрөг” гарсан шинжилгээний хариутай байхыг шаардаж байгаа аж.
Одоогоор улс хоорондын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгаа ч хөл хорионы үеэр аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хоригложээ.
Үүнээс гадна ӨМӨЗО-ы Хөх хотод есдүгээр сарын 30-наас иргэдийн болон нийтийн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм. COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаа учир цаашид ч хязгаарлалт үргэлжлэх төлөвтэй байна. Түүнчлэн БНХАУ-ын Гуанжоу хотын хоёр дүүрэгт хөл хорио тогтоогоод байгаа юм.
Сүүлийн нэг хоногт Япон улсад COVID-19-ийн халдварын 81 мянга 400, БНСУ-д 55 мянга 365, БНХАУ-д 1185, ОХУ-д 4320 тохиолдол батлагджээ.