Зургийг: Bloomberg Creative Photos
Төрөл бүрийн вирусийн халдвар тархах давтамж нэмэгдсэн, тэр хэрээр нас баралтын эрсдэлийг бууруулах вакциныг хурдацтай үйлдвэрлэн нэвтрүүлэх боломжтой болсон зэрэг суурь нөхцөлүүдийг авч үзвэл дараагийн 10 жилийн хугацаанд Covid-19 шиг олон хүний аминд хүрсэн цар тахал дэлхий нийтийг нөмрөх магадлал 27.5 хувьтай байгааг эрүүл мэндийн аналитикийн “Airfinity” компани судалгаагаар тооцоолжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, улс, хот хоорондын зорчих хөдөлгөөн нэмэгдэх, хүн амын өсөлт, зоонозын өвчний аюул зэрэг хүчин зүйлс дээрх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг Лондонд төвтэй тус компани онцолсон байна. Хэдий тийм боловч шинэ эмгэг төрүүлэгчийг илрүүлснээс 100 хоногийн дотор үр дүнтэй вакциныг гарган авч, ашиглаж чадвал үхлийн аюулт цар тахал тархах магадлал 8.1 хувиар буурна хэмээн загварчилжээ.
Хамгийн муу үр дүнгээр тооцоолж үзвэл мутацилагдаж хүнээс хүнд дамжих чадвартай болсон шувууны томууны төрлийн вирус нь Их Британид нэг өдөрт 15 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэйг мөн дурдсан байна.
Дэлхий нийтээрээ Covid-19-тэй зэрэгцэн амьдарч буй энэ үед эрүүл мэндийн мэргэжилтнүүд дэлхийг хамарсан дараагийн болзошгүй аюулд бэлтгэлтэй байхад анхаарлаа хандуулж байна. Сүүлийн 20 жилд дэлхий дахин SARS, MERS, Covid-19-ийн тархалтыг бий болгосон вирусүүд, мөн 2009 оны гахайн ханиадны тахлыг үзэж туулаад байгаа билээ.