Зургийг: Hollie Adams/Bloomberg
COP28 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо эхлэх гэж байна.
Ирэх 14 хоногийн хугацаанд дэлхийн 140 улсын Төрийн тэргүүнээс гадна 200 орчим улсын төлөөлөгч уур амьсгалын санхүүжилтийг нэмж, хүртээмжтэй болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, талуудын оролцоог хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл хэрэгт тодорхой дэвшил гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
“Bloomberg”-ийн шинжээчдийн зүгээс яаралтай арга хэмжээ авах 10 чиглэлийг нэрлэж, тэрхүү чиглэлд гарах ахицыг дээд тал нь 10 оноогоор дүгнэсэн байна. Харин шинжээчдийн тооцоолж буйгаар COP28 чуулганы үр дүнд гарах ахицыг ердөө 3.9 оноогоор үнэлээд байгаа аж. Тухайлбал: COP28 чуулганы гол хэлэлцэх сэдэв нь Парисын хэлэлцээрийн зорилтод дэлхий нийтээрээ хэр дөхсөн тухай байх юм.
Харин дэлхийн дулаарлын дундаж хэмийн өсөлтийг 1.5 хэмээс давуулахгүй тогтоон барихад улс орнуудын одоогийн зорилтууд хангалтгүй байх төлөвтэй байгаа юм. Дэлхийн улс орнуудын одоогоор өгөөд буй амлалтуудаас үл хамааран дэлхийн дулаарал 2100 он гэхэд 2.5 хэм орчмоор дулаарах тооцоо гараад байгааг НҮБ-ийн судалгаанд онцолжээ. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломж улам бүр багасаж буйг НҮБ анхааруулсаар байгаа юм. Иймд дэлхийн улсууд 2025 он гэхэд зорилтдоо хүрэхийн тулд шийдэмгий алхмууд хийхэд санал нэгдэх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.