Зургийг: Giorgia Viera/AFP/Getty Images
2023 онд дэлхийн хэмжээнд тохиолдсон томоохон байгалийн гамшгуудын эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ 380 тэрбум ам доллар хүрсэн нь сүүлийн 20 гаруй жилийн дунджаас 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнд хүчтэй газар хөдлөлт болон үер усны гамшиг голлон нөлөөлжээ.
Үүний зэрэгцээ тайлант хугацаанд дэлхийн хэмжээнд байгалийн гамшгаас үүдэн даатгалын салбарын алдагдал 2000 он гарснаас хойших жилүүдийн дунджаас ойролцоогоор 30 хувиар илүү буюу 118 тэрбум ам.доллар хүрснийг “Aon” менежментийн зөвлөх компани шинэ судалгаандаа онцоллоо.
Байгалийн гамшгийн уршгаар үүдэлтэй эдийн засгийн шууд үр нөлөө голдуу өндөр хөгжилтэй орнуудад төвлөрсөн байна.
Харин Монгол Улсын хувьд 2023 онд нийт 4484 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, 9144 хүн нэрвэгдсэнээс 320 хүн амиа алдсан нь өмнөх оныхоос 30 орчим хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 онд 52.1 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан нь өмнөх оноос 56.8 хувиар өссөн дүн болж байна.