Зургийг: Bloomberg TV Mongolia
- Та Харвардын их сургуулийг "Боловсролын бодлого" чиглэлээр суралцаж төгссөн. Танай цэцэрлэг үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа, сургуулийн өмнөх боловсролын хөгжил яг одоо ямар түвшинд явж байна гэж харж байна?
- Манай цэцэрлэг 2023 оны есдүгээр сард нээлтээ хийсэн. Би АНУ-д Харвардын их сургуулийг Боловсролын бодлого, дүн шинжилгээгээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа бодлогын түвшинд өөрчлөлт гаргая, ямар нэгэн байдлаар далайцтай томоохон өөрчлөлтийг улс орондоо, боловсролын салбартаа авчиръя гэвэл яах аргагүй сургуулийн өмнөх боловсрол үндэс суурь нь юм байна гэж харсан. Тиймээс сургуулийн өмнөх насны боловсролын хичээлийг түлхүү авахаас гадна тэндээ цэцэрлэгүүдэд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа, өндөр зэрэглэлтэй, орчин үеийн цэцэрлэгүүдийн туршлагыг Монголд нутагшуулах, тэр дундаа монгол хүний онцлогийг шингээсэн цэцэрлэг нээхийг зорьсон. Гэхдээ манай улсын хувьд эцэг, эхчүүд сургуулийн өмнөх боловсролыг төдийлөн чухалчлахгүй, ач холбогдол өгөх нь бага байгаа юм шиг санагдсан. Тиймээс тэр сэтгэлгээг нь солихыг зорьсон.
Сургуулийн өмнөх боловсролыг арай өөр өнцгөөр хараасай гэсэн үүднээс цэцэрлэгээ нээсэн. Манай цэцэрлэгийн хувьд англи хэл болон монгол хэл гэсэн үндсэн хоёр хэл дээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гол онцлог нь хүүхдийн асуултаар хөтлөгдөж бий болсон хөтөлбөр гэсэн утгатай. Ерөнхийдөө цэцэрлэгийн цөм хөтөлбөрөөр авч үзвэл хөтөлбөрүүд нь тогтсон сэдвийн хүрээнд явагддаг. Харин манай цэцэрлэгийн хувьд орж ирсэн тухайн ангид байгаа хүүхдүүдэд тухайн хүүхдийн онцлог, хүүхдийн хүсэж буй сонирхол, ур чадвар, нөөц боломж зэрэг бүх зүйлд тулгуурлан хөтөлбөрүүдээ байнга шинэчилж, долоо хоног, сараар өөрчлөгддөг. Тэгэхээр бидний хувьд тогтсон сэдэв гэж байдаггүй.
Тухайн хүүхэд сансар, огторгуйг сонирхож байгаа бол сургуулийн өмнөх насныхныханд зориулсан голлох сэдвүүд тухайлбал: танин мэдэхүй, нийгэмшихүй зэрэг ур чадваруудыг өөрсдийнх нь хүсэл сонирхлоор хэрхэн, яаж хүргэх гэдэгт төвлөрч ажиллаж байна. Дээрээс нь одоо цагт тренд болоод буй цаг уурын өөрчлөлт, байгаль эх дэлхийтэйгээ харилцан холбоотой амьдрах зэрэг асуудлууд эрчимтэй яригддаг болсон шүү дээ. Тэр утгаараа сургуулийн өмнөх боловсролд яг энэ сэдвүүд орж байх ёстой.
- Таны өмнөх ярилцлагаас харахад цэцэрлэгийн хүрээнд таван гол ур чадварыг илүү хөгжүүлэх зорилготой гэсэн байсан. Техник, технологийн хувьсал эрчимтэй явагдаж буюу энэ цаг үед цэцэрлэгийн насны хүүхдүүд ямар ур чадварт илүүтэй суралцах ёстой гэж харж байна вэ? Монгол хүүхдүүдийн ур чадварын хувьд дутагдалтай тал юу байна?
- Сургуулийн өмнөх боловсролын шатанд ямар ур чадвар эзэмших ёстой вэ гэвэл ирээдүйд хүмүүс юу хийж, хэрхэн, яаж амьдрах вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй болоод байгаа. Хүүхдүүдэд ямар ур чадвар суулгах вэ гэхээсээ илүүтэй ирээдүйд юу болохыг төсөөлж байгаад тэр ирээдүйд хүрэхийн тулд ямар хүн бий болгох ёстой вэ гэж харвал зүгээр гэж боддог. Хэд хэдэн судалгаанаас харахад харилцааны асуудал хамгийн чухал нь. Хүн хоорондын харилцаа, бие биеэ ойлгох, нигүүлсэхүй, өгөөмөр байх, өөрөө өөрийгөө ойлгох. Боловсрол бол хоёр л зүйлийг олгох үүрэгтэй. Нэгдүгээрт, хүн өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгох гэж, өөрөө өөрийнхөө бусдаас онцлог өгөгдлүүдийг нээж гаргах, чиглүүлэхэд боловсрол хэрэгтэй. Нөгөө талаасаа хүн чинь нийгмийн амьтан учраас эдийн засгийн хувьд ч тэр, хувь хүнийхээ үзэл бодлын хувьд ч тэр, ямар хүн болж төлөвших вэ гэдэгт ажиллаж байна.
Монгол Улсын сургуулийн өмнөх насны боловсролын хувьд юун дээр алдаад байна вэ гэвэл хүүхэд болгоны дотоод ертөнцийг нээх талаар байнга ярьдаг ч хөтөлбөр дээрээ огт хэрэгждэггүй. 30-40 хүүхдийг бүгдийг нь нэг ангид суулгаж байгаад бүгдэд нь нэгэн зэрэг дуу, шүлэг заагаад, нэг л сэдэв заагаад, нэг ном уншаад ч юм уу, яг адилхан үйл ажиллагаа хийлгэх гээд байдаг нь харамсалтай. Тэгэхээр хүүхдүүдийн дотоод ертөнцийг нээж олоход голлон анхаарах хэрэгтэй санагддаг. Бас сэтгэл зүйн боловсролыг давхар анхаарах хэрэгтэй. Тэрийгээ урлагаар дамжуулан олгох бүрэн боломжтой байдаг.
Сургуулийн өмнөх насанд л иймэрхүү зүйлд анхаарчих юм бол дунд болон ахлах сургуулийн боловсрол, дээд боловсролын хувьд нэг их хүндрэлтэй, хэцүү зүйлгүй болно. Тухайн хүүхэд өөрийгөө олоод нээчихсэн учраас ямар мэргэжилтэй болох, мөн ирээдүйд маш олон мэргэжил үгүй болох ч юм уу, шинэ мэргэжлүүд бий болоход хөл алдаад байхгүй болно гэж харж байгаа.
- Эцэг, эхчүүдийн хувьд тоо бодох, ном унших зэргийг л ерөнхийдөө боловсрол гэж ойлгоод байдаг. Цаашдаа урлагийн боловсролоор дамжуулаад боловсрол олгох чиглэлд ямар ажлууд хийгдэх ёстой гэж бодож байна вэ?
-2023 онд PISA-ийн үр дүн гарсан. Монголчуудын хувьд унших чадвар маш муу гарсан. Үүний цаана юу байна вэ гэхээр шүүмжлэлт сэтгэлгээ буюу уншсан, бодсон, харсан зүйлээ ойлгохгүй байгаа бол нээлттэйгээр асуудаг, сониуч, судлаач ур чадвар монгол хүүхдүүдэд дутагдалтай байна. Жишээ нь: үлгэр ярьсан ч гэсэн нэг үлгэр яагаад өөр хувилбараар байж болохгүй гэж. Багш нар маань зөвхөн багш л заагаад хүүхдүүд сонсох ёстой гэсэн аргачлалаар л заагаад байна. Эсрэгээрээ хүүхдүүдийг асуулт асууж сургах, зөв асуултыг яаж асуух уу, яагаад гэдэг асуултад маш тодорхой оновчтойгоор хариулдаг байх зэрэг олон аргачлалууд бий болж байгаа шүү дээ. Тэдгээр аргачлалыг багш нар маань цэцэрлэгүүдэд маш сайн хэрэгжүүлээсэй гэж боддог.
Тоо бодохдоо ч юм уу, уншихдаа гол нь биш уншсан мэдсэн, эргэн тойрноосоо авч буй мэдээллээ хүүхдүүд хэрхэн эргэцүүлж, дүгнэлт гаргаж, шинжилгээнд оруулаад өөрийн гэсэн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх ур чадвартай байх гэдэгт суралцах нь л хамгийн чухал байгаад байна. Эдгээрийг сурсан тохиолдолд зүгээр л нэг эхийг аваад унших юм уу, сонсоход өөрийнхөө бодлыг нээлттэй илэрхийлдэг. Мөн сониуч сэтгэлгээ нь хөгжсөн байх юм бол өөрийнхөө сонирхсон зүйлийг гүн гүнзгий судлах, арга замуудад суралцана. Өнгөцхөн нэг сэдвийг тухайлбал дөрвөн улирал л гэхэд навч унахаар намар болдог гэх биш яагаад навч унадаг вэ, модны амьдралын процесс хэрхэн яаж явагддаг зэргээр гүн гүнзгий нарийн учир шалтгааныг нь мэддэг болох нь маш чухал ач холбогдолтой байгаа юм. Үүнийг цэцэрлэгүүд маань хангалттай сайн хэрэгжүүлж чадахгүй байна гэж анзаарсан.
- Танай цэцэрлэгийн хувьд хүний нөөц болон багшлах ур чадварын хувьд хэрхэн анхаарч байна вэ?
- Цэцэрлэгүүдийн хувьд үндсэн болон туслах багш л гэж байдаг. Хүүхдүүд бол харж байгаа бүх зүйлээсээ суралцдаг. Ангид байгаа хоёр багш энгийн юм ярьж байсан ч тэндээс суралцаж л байдаг. Үндсэн багш, туслах багш гэхээр туслах багш дандаа л туслах үүргээ гүйцэтгээд, үндсэн багшийн хэлснийг биелүүлэх үүрэгтэй юм шиг, эсвэл хүүхдүүдээ асаргааны түвшинд арчлаад явдаг. Манай цэцэрлэгийн хувьд багш нар маань хамтран багшлах буюу нэг түвшний хэмжээнд ажилладаг. Тэр утгаараа багш нар хоорондоо харилцахдаа ч хүндэтгэлтэй харилцаж, бие биеэсээ давхар суралцахаас гадна ижил түвшнийх учраас бие биедээ зөвлөж, мэдэхгүй чадахгүйгээ бие биеэсээ асууж, хамтдаа хичээлээ боловсруулж, хамтдаа хүүхдүүддээ хүмүүжүүлээд ирэхээр цэцэрлэг, анги доторх харилцаа нэг түвшинд явагдаад ирэхээр хүүхдүүд хүртэл эрх тэгш байх, хүнтэй яаж хүндэтгэлтэй харьцах зэрэг бүх зүйлд давхар суралцаж байдаг.
- Таны хувьд цэцэрлэгээс гадна “Бүтээлч Бамбүү” төвийг 2017 онд үүсгэн байгуулсан. Өнгөрсөн хугацаанд энэ талд хэр дэмжлэг авав. Энэ төрлийн хэрэгцээтэй төвүүдийг бий болгохын давуу тал болон ач холбогдол юу байна вэ. Иймэрхүү төвүүд нэмэгдсэнээр хүүхдүүдийн хөгжилд хэрхэн түлхэц болно гэж харж байна вэ?
- Ийм төвүүд маш олноор нэмэгдэх ёстой гэж харж байгаа. Бид урлаг, соёлыг ярихаар ихэвчлэн насанд хүрсэн хүмүүст зориулсан байдлаар л ярьдаг шүү дээ. Зөвхөн театраар хязгаарлагдахгүй. Музей, галерей зэрэг нь заавал хүүхдэд тохирсон хэлбэрт байх ёстой. Нээгдээд зургаа орчим жил болж буй манай бүтээлч төв маань өөрсдийнхөө хэмжээнд жижиг хүрээлэл, өөрчлөлтийг авчирсан гэж харж байгаа. Пакистан улсад болох олон улсын хүүхдийн театрын фестивальд өөрсдийнхөө монгол жүжгийг толилуулах гээд онгогдоод манай багийнхан явж байна. Театрын боловсролын хувьд ирээдүйд ямар мэргэжил, ямар ур чадвар шаарддаг тэр бүхнийг мэдэхгүй ч гэсэн тодорхой ур чадварууд буюу дотоод ертөнцөө ойлгох, хүн хүнтэйгээ харилцах харилцаа холбоо, байгаль эх дэлхийтэйгээ харилцаа хамааралтай амьдардаг гэх ойлголтыг театр маш сайн өгч байгаа.
Манай театрын хувьд ихэвчлэн нийгмийн асуудлуудыг хөнддөг. Эсвэл цаг уур, байгаль орчинтой холбоотой асуудлыг хөндсөн жүжиг, уран бүтээлүүд туурвидаг учраас зөвхөн энтертайнмент гэхээсээ илүү эсрэгээрээ боловсролд чиглэж байгаа. Дээрээс нь өнгөрсөн жилээс хойш зөвхөн бага насны хүүхдүүдийг анхаардаг байсан бол өсвөр насныхан, залуучуудын театр болж өргөжсөн.