Зургийг: Sebastian Lopez Brach/Bloomberg
Дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн хүнд асуудлууд дан ганц байгаль, цаг уураас шалтгаалдаг гэхээс илүүтэй хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйг НҮБ-ын шинэ судалгаа харуулж байна.
Монгол Улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой аж. Харин 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн судалгаа байгаа юм. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.25 хэмээр нэмэгдэж, жилд орох хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурч, уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг өртөмхий 10 орны нэг болоод байна.
Шинэ судалгаагаар дэлхийн улс орнууд эрчимжүүлсэн мал аж ахуй, бэлчээрийн талхагдал, үл хөдлөх хөрөнгийн хөгжил зэрэг хүнээс хамааралтай шалтгаанаар ашиглаж болохуйц газар нутгаа маш хурдацтай алдаж байгааг анхааруулжээ.
Энэхүү хямрал нь хүнсний болон ундны усны эрсдэлтэй байдлыг даамжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгаа аж.
Харин газрын доройтолтой тэмцэхэд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг бол хүнсний хэрэгцээ шаардлага гэдгийг тодотгосон байна.
Дэлхийн нийт эх газрын 40 гаруй хувь нь буюу таван тэрбум га газар хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагддаг бөгөөд үүнээс гуравны нэг нь газар тариаланд, үлдсэн нь малын бэлчээрт ашиглагддаг болохыг судалгаанд онцолжээ.
Харамсалтай нь одоогоор дэлхийн хэмжээнд байгальд ээлтэй газар тариалангийн практик туршлага хангалттай хэмжээнд сайн хөгжөөгүй байна. Сүүлийн 500 гаруй жил, хүний үйл ажиллагаанаас үүдэн хоёр тэрбум га газар доройтоод байгааг мэдээлэв.
Үүний үр дүнд дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 25 хувьтай тэнцэхүйц буюу 500 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл хөрсний доройтлоос үүдэн ялгарч, дэлхийн дулааралд нөлөөлж байна гэж дүгнэсэн байна.