Зургийг: Yasutaka Tamura/Bloomberg
Өнгөрсөн оны аравдугаар сард Японы үл хөдлөх хөрөнгийн менежментийн “Storage-OH” компанийн хувьцааны тав гаруй хувь нь багцын арилжаагаар зарагдсан гэж албаныхан мэдээлсний дараа тус компанийн хувьцааны ханш 17 хувиар өсжээ.
Хөрөнгийн зах зээлийн огцом хариу үйлдлийг өдөөсөн тэрхүү ганц хөрөнгө оруулагч бол Кобе хотын 88 настай иргэн, тэжээвэр амьтны дэлгүүрийн эзэн асан Шигэрү Фүжимото байв.
Иргэд нь мөнгөө бэлнээр хадгалдаг дадалтай, хадгаламж нь бараг ямар ч хүүгүй тус улсад тэрбээр дорвитой хөрөнгө босгож чаджээ. 70 шахам жил хувьцааны арилжаанд оролцсоны эцэст 80 хол давсан буурайн хөрөнгө өдгөө 14 сая ам.доллар хүрээд байгаа аж.
Мөн түүний арга барилыг үнэнчээр дагадаг жижиг хөрөнгө оруулагчдын бяцхан хүрээллийг бий болгосон байна. Тэр ч бүү хэл, өөрийн хөрөнгө оруулалтын стратегийн талаар алдартай ном хүртэл бичжээ.
Аюулгүй сонголт хийхийг илүүд үздэг япон соёлын орчинд Фүжимото зөвхөн санхүүгийн эрсдэлтэй тоглолт хийснээрээ бус харин өтөл насандаа хэрэглэх хөрөнгөө идэвхтэй хуримтлуулсан нэгэн гэдгээрээ Япондоо онцгой эрхэм болж байна. Инфляц өндөр буй энэ үед олон ахмад настан Төрөөс олгож буй багахан тэтгэврийн мөнгөөрөө амьдрах гэж зүдэрч байгаа юм.
Өнгөрсөн сард хөрөнгийн зах зээл хямарч, тус улсын хувьцаануудын ханш 1987 оноос хойших хамгийн өндөр дүнгээр унахад ч тэрбээр үл шантрав.
“Хувьцааны ханш буурах үе бол миний хувьцаа худалдан авах цаг. Харин мөнгө нь байна уу, эр зориг нь байна уу гэдэг нь л гол асуудал” хэмээн Фүжимото “Bloomberg News”-т онцолж байлаа.
Фүжимото орлого, ашиг, ногдол ашиг нь өсөж буй, мөн хувьцаагаа эргүүлэн худалдан авч байгаа, бас хувьцаа эзэмшигчдэдээ үр ашиг амласан компаниудын хувьцааг авч, бас зардаг. Түүнчлэн харьцангуй хүчний индекс (RSI), хөдөлгөөний дунджийн нийцэл, зөрчил (MACD) зэрэг нарийн техник үзүүлэлтүүдийг ч харна.
“Storage-OH” компанийн хувьцааг худалдан авсан нь түүний “хамгийн амжилттай арилжаа болсон” хэмээн ярих тэрбээр одоо автомашины эд анги үйлдвэрлэгч “G-TEKT”, мөн барилгын машин төхөөрөмжийн “Takeuchi Manufacturing” компанийн хувьцааг сонирхож байгаа аж.
Алдсан он жилүүд
1990-ээд онд Японы эдийн засагт үнэ хөөсөрч, дараа нь эрс уналтад орсноор хүмүүсийн сэтгэл зүйд айдас түгшүүрийн мөр үлджээ. Үүнээс хойших 20 гаруй жилд олон олон япончууд, тэр дундаа өндөр настай иргэд нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахаас цааргалдаг болсон аж.
Япон айл, өрхийн хөрөнгийнхөө тал гаруй хувийг бэлэн мөнгөөр хадгалдаг. Энэ нь АНУ, Европтой харьцуулахад өндөр дүн болохыг Японы төв банк энэ сарын эхээр гаргасан тайландаа дурджээ.
Япон улсын Засгийн газар тэрхүү хураалттай сан хөмрөгийг гүйлгээнд оруулахыг зорьж байна. Иргэдийн банкны данснуудад олон их наяд иен хадгалагдаж байгаа тул Засгийн газраас NISA хэмээх татвараас чөлөөлсөн тэтгэврийн хадгаламжаа улам өргөжүүлэх замаар иргэдээ зарим хөрөнгөө хөрөнгийн зах зээл руу оруулахыг уриалж байгаа аж.
Энэхүү арга хэмжээ нь тодорхой амжилтад хүрсэн байна. Оны эхний зургаан сард япон айл өрхүүд 10 их наяд гаруй иенийг шинэ NISA хадгаламждаа хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс ойролцоогоор дөрөв дахин өссөн үзүүлэлт болохыг Японы Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо мэдээлжээ.
Хэдий тийм боловч хүрэх цэг хол байна. Жишээлбэл: Шигэрү Ишибагийн ялалтаар өндөрлөсөн Японы эрх баригч намын сонгуулийн гурван гол нэр дэвшигчийн хоёр нь хувьцаанд хөрөнгө оруулахаас зайлсхийсээр иржээ.
Ухаалаг гар утас, автомашин, тэр бүү хэл кредит карт ч ашигладаггүй Фүжимото залуус хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой болж байгаа нь сайн хэрэг хэмээгээд, ажлаа “зугаатай” хэмээн тодорхойлж байлаа.
“Толгойгоо сайтар ажиллуулж, хичээнгүйлэн суралцсаар үр дүнд хүрч, ашиг олох зугаатай биш гэж үү? Сурах ч зугаатай шүү. Үр дүнгээ үзэх ч зугаатай.”
Заримдаа хүмүүс түүнээс шавь сургадаг уу гэж асуудаг. Нийгмийн сүлжээ түүний талаар дурдаж, дотоодын мэдээллийн агентлагууд “Японы Уоррен Баффет” хэмээн түүнийг нэрийддэг аж.
Оны эхээр нуруугаа гэмтээсний улмаас одоо дугуйт алхагч түшин алхаж буй тэрбээр өөрийг нь Уоррен Баффеттай харьцуулсанд гайхаж мөн баярлаж буйгаа “Bloomberg Originals”-д ярьж байлаа. Мөн хоёул өндөр настай, хувьцааны арилжаанд дуртай нь л тэдэнд буй ижил төстэй тал хэмээжээ.
“Байгууллагын хөрөнгө оруулагч тэрбээр хувьцаанд хөрөнгө оруулах тун сонирхолтой. Мөн олон нийт, жижиг хөрөнгө оруулагчдад нөлөөтэй байдаг. Фүжимотогийн фенүүд түүний хөрөнгө оруулалтын арга барилаас нь болоод дагадаг” хэмээн “T&D Asset Management” компанийн тэргүүлэх стратегич Хироши Намиока түүний талаар ярьж байлаа.
Гэхдээ Фүжимото бол Япон улсын хөрөнгө оруулалтын экстрим жишээ юм. Өнгөрсөн 10 жилд тэрбээр өдрийн арилжаанд төвлөрч, хөрөнгө оруулагчдын гурван хувийг л эзэлдэг, хувьцаагаа сар хүрэхгүй хугацаанд хадгалдаг хөрөнгө оруулагчдын эгнээнд багтсаныг Японы Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 2022 оны судалгаанаас харж болохоор байгаа аж.
Харин энэ төрлийн эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг тэрбээр залуу хөрөнгө оруулагчдад зөвлөдөггүй. “Сайн хувьцааг урт хугацаанд хадгалах чухал. Өдрийн арилжаа шиг дор нь авч, зарж хэрэггүй. Ийм хугацааг хэсэгтээ хадгалбал үр шимийг нь хүртэх л болно” хэмээн тэрбээр ярив.
Паракит шувуу ба мажон
Фүжимото 70 гаруй жилийн өмнө, 19 настайгаасаа л хувьцаанд хөрөнгө оруулж эхэлжээ. Түүний ажилладаг амьтны дэлгүүрийн байнгын зочин, орон нутгийн нэгэн брокерын компанийн захиралтай яриа дэлгэснээр энэ бүхэн эхэлсэн аж.
Түүний анх худалдан авсан хувьцаа нь хожмоо “Sharp” компани болсон компани, мөн газрын тос боловсруулагч “Eneos” компанийн хувьцаа байжээ.
Эхэндээ тэрбээр арилжаандаа тийм ч тууштай биш байв. Паракит шувуунд дурлагч тэрбээр өөрийн амьтны дэлгүүрийг нээгээд хожмоо япон хэв маягийн мажон тоглоомын газар нээхээр дэлгүүрээ худалджээ. Учир нь тоглоомын газрыг тэрбээр тухайн үед их хэмжээний мөнгө олох боломж гэж харжээ.
1986 онд Фүжимото тоглоомын газраа худалдаад 65 сая иен босгожээ. Тэгээд санхүүгийн зах зээлд бүтэн цагаар хөрөнгө оруулж эхлэв. 2015 онд тэрбээр өдрийн арилжаачин болсон байна.
Пи-чан хэмээх тэжээвэр шувуугаа толгой дээрээ суулгаад ажлаа хийдэг Фүжимото шөнийн хоёр цагт босож, АНУ-ын хөрөнгө зах зээлийг ажиглан, “CNBC” сувгийг үздэг. Мөн АНУ-д бүртгэлтэй Япон компаниудын хувьцааг харж, дотоодын зах зээлд арилжаа хийхдээ бэлдэнэ.
Наяад насандаа арилжаа хийх нь түүнд зугаатай амьдрахад тусалж, өтөлж доройтохоос сэргийлж байна хэмээн тэрбээр өгүүлж байлаа. Хэдий тийм боловч түүнд харамсах зүйл байдаггүй гэсэн үг биш. Хоёр тэрбум иений хөрөнгөтэй түүнд “сэтгэл дундуур зүйлс зөндөө” аж.
“Би хангалттай хичээхгүй байна. Хэт шуналд автахаас болгоомжлохын зэрэгцээ арилжаанаасаа эргүүлээд ашиг олохын төлөө ажиллах хэрэгтэй байна. Шунал хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй” хэмээв.