МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байна. Харин эдийн засагт үзүүлэх бодит хувь нэмэр сайтай, хөдөлмөр ихээр шингээдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэсэн тоо байгаа аж.
“Эмэгтэй эзэнтэй бизнес” гэдэг тодорхойлолт хуульд байдаггүй бөгөөд Монгол дахь албан болон албан бус бизнес бүртгэлийн мэдээллийн санд хүйсээр ангилсан нарийвчилсан мэдээлэл хомс байгааг Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл болон Хараат бус Судалгааны Хүрээлэн (IRIM)-ийн саяхны судалгаанд дурджээ.
Монголд төдийгүй дэлхий дахинд эмэгтэй үүсгэн байгуулагч, удирдлагатай бизнесүүд нэмэгдэж, өргөжин тэлэх орон зай ихээр бий болж буй ч эмэгтэй энтрепренеруудад чиглэсэн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа юм. “Pitchbook”-ийн судалгаагаар 2022 онд АНУ-д нийт 238.3 тэрбум ам.долларын венчур хөрөнгө оруулалт хийгдсэнээс ердөө 1.9 хувь эмэгтэй үүсгэн байгуулагчтай стартапуудад зориулагдсан байна.
Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй гол бэрхшээл нь санхүүжилт, барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаатай холбоотой асуудал болохыг МҮХАҮТ онцолж байв.
“Гоёл кашмер”
Анх 2005 онд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Гоёл кашмер” өдгөө жилд 200 мянга гаруй бүтээгдэхүүн экспортод гаргадаг, 300 орчим хүнийг ажлын байраар хангадаг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. 2003 онд "Гоёл кашмер”-ын борлуулалт дотоод болон гадаад зах зээлд 56 хувиар өссөнийг тус компанийн Үүсгэн байгуулагч Б.Ариунаа мэдээлсэн юм.
Тус компани Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк, “JICA” зэрэг олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдээс урт, богино хугацаат санхүүжилтүүдийг тогтмол авч иржээ. Тэр дундаас баялаг бүтээгч эмэгтэй удирдлагатай бизнесийн онцлогийг нь илүүтэй тодотгож санхүүжилт олгосон нь АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорац байсныг Б.Ариунаа мөн онцолж байлаа.
“Комбуча Монголиа”
Энэ оноос комбуча ундааг Японд экспортлох зөвшөөрлөө аваад байгаа “Комбуча Монголиа” ХХК нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байх боломжтой эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэлийн цөөн төлөөлөгчдийн нэг. Тус компани мөөг үржүүлгийн талбайтай, саяхан шинэ үйлдвэрээ нээсэн төдийгүй өдөрт 8-10 мянган ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай. Зах зээл жижиг ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байгаа бөгөөд энэ онд компанийн борлуулалт өмнөх оноос 10 дахин өсжээ.
“Комбуча Монголиа” үйл ажиллагаагаа эхлүүлээд Азийн хөгжлийн банкны зээлийн батлан даалтын сангийн зээлд хамрагдсанаар бүрэн автомат тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтээ шийджээ. Мөн Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн зээлийг авч байсныг компанийн Гүйцэтгэх захирал О.Алтантуул мэдээлэв.
“Lhamour”
10 жилийн өмнө Монголд органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр анхлагчдын нэг болон байгуулагдаж байсан “Lhamour” өдгөө 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дөрвөн улсад экспортлохын сацуу АНУ-д өөрийн охин компанитай болжээ. Жижиглэн худалдааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн хувьд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах нь амаргүй даваа болохыг тус компанийн үүсгэн байгуулагч Д.Хулан хэлж байлаа.
Хамгийн чухал шалгуур нь барьцаа учраас түүндээ баригдаад зээлийн хэмжээ санасан шиг байж чадахгүйгээс гадна зээлийн хүү өндөр зэрэг сорилтууд бий ч дотоодод үнэ цэний хөрөнгө оруулалт, “Angel Investment” ховор учраас өөр сонголт байдаггүй аж.
"Гадаадад үнэ цэн, үүсгэн байгуулагчийн алсын хараа, итгэл үнэмшилд үндэслээд санхүүжилт олгодог тул бидэнд их чухал байсан. Гарааны бизнес эхлүүлэхэд алсын хараа, мөрөөдөл л чухал. Тиймээс бид энэхүү алсын хараан дээр үндэслээд АНУ-аас хөрөнгө оруулагч татаж авч чадсан нь том амжилт болсон" хэмээн Д.Хулан онцолсон юм.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com