Зургийг: president.mn
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт хуралдаанд хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг ч уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж буй улс орнуудын нэг. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад чухал дэмжлэг болно хэмээн үзэж тус санаачилгыг Монгол Улс дэмжиж байгаа”-г онцоллоо.
Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртдөг гэдгийг тодотгосон байна.
Мөн Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт", 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсноо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээллээ. “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байгаа”-гаа дурдав.