Martin Bureau/AFP/Getty Images
Зимбабве улс зэрлэг зааныг заазалж, ган гачгаас үүдэлтэй өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдийг махаар хангах шийдвэр гаргахаар хэлэлцэж буйг тус улсын Хүрээлэн буй орчны сайд мэдэгдлээ. Зүүн Өмнөд Африкийн далайд гарцгүй тус улс хамгийн сүүлд 1988 онд ийм арга хэмжээ авч байжээ.
“Зимбабве улсад зааны тоо толгой шаардлагатай хэмжээнээсээ хэтэрсэн. Тоо толгой нь тэднийг тэжээж чадах ой модны хэмжээнээс давсан” хэмээн Хүрээлэн буй орчны сайд Ситембисо Ньони хууль тогтоогчдод мэдээлэл өгчээ. Одоогоор тус улсын эрх баригчид тодорхой тооны зааныг нядалж, махыг нь борцлон уургийн дутагдалд орсон зарим тосгодын иргэдэд хүргэхээр хэлэлцэж байгаа аж.
Зимбабве улс 100 мянган заантай тул энэ үзүүлэлтээрээ Ботсвана улсын дараа дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Гэхдээ яг хэдэн заан заазлахыг Ситембисо Ньони тодорхой мэдээлээгүй байна.
“Нас бие гүйцсэн заан өдөрт 300 кг өвс ургамал иддэг. Ихэвчлэн модны холтос хуулж иддэг тул модод үхдэг. Зимбабвегийн зааны том сүрэг улсын өмнөд хэсгийн амьдрах орчныг сүйтгэснээр хүн болон бусад амьтдад хохирол учруулсан” гэж Ньони онцолжээ.
Олон улсын зохицуулах байгууллагууд Зимбабве улсыг зааны соёо худалдаалахыг хязгаарлаад байгаа. Одоогоор тус улсын нөөцөд буй 130 тонн зааны соёог хэрхэхийг Засгийн газар шийдвэрлэх шаардлагатай байгааг тэрбээр мөн дурдсан байна.
Цаг уурын Эль-Ниньо үзэгдлээс үүдсэн ган гачиг тариалангийн гол бүтээгдэхүүний ургацыг сүйтгэсэн тул Зимбабве улс энэ онд сүүлийн 40 жилд байгаагүй өргөн хэмжээний хүнсний хомсдолд орсон аж.