Зургийг: С.Батсайхан
Covid-19 цар тахлаас хойш гурван жил дараалан алдагдалтай байсан улсын нэгдсэн төсвийн тэнцэл 2023 онд 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Анх 2023 оны төсвийг батлахдаа 19.5 их наяд төгрөг, зарлагыг 20.5 их наяд төгрөг байхаар буюу алдагдалтай байхаар баталж байсан юм.
Мөн төсвийг 1.7 их наяд төгрөгөөр тодотгож, нийгэм, эдийн засгийн зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр болж байв.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 23.2 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 35.6 хувиар өсөөд байна. Хэдийгээр төсвөөс гарсан зарлага, цэвэр зээлийн хэмжээ 22.5 их наяд төгрөг болж, 23.7 хувиар өссөн ч төсвийн тэнцэл ашигтай гарлаа.
Нийт орлого өсөхөд орлогын албан татварын орлого 51.6 хувь, нийгмийн даатгалын орлого 29.8 хувь, НӨАТ 21 хувиар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ. 2023 онд Монгол Улс түүхэн дээд хэмжээ болох 70 сая тонн нүүрс экспортолсон нь 2022 оныхоос 2.1 дахин өссөн үзүүлэлт болсон юм.
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард 91 орчим хувиар өсөж байсан онцгой албан татвар оны эцэст 6.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Төсвийн зардал цар тахлын үетэй харьцуулахад 8.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр өсжээ.
2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсөв өмнөх онуудаас буурч батлагдсан бөгөөд 2023 онд 5.2 их наяд төгрөгийг зарцуулжээ. Мөн 2021-2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 13.3 их наяд төгрөгийг гадаад өрийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт төлснийг Сангийн яам мэдээлж байв.