logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Анхбаяр
    Шэннон Коулин: Монгол Улс БНСУ, Япон зэрэг алс хол орших орнууд руу сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх нь эдийн засгийн хувьд боломжтой
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 01 16:27
    1227

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй ярилцлаа

    - Та Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдоод гурван сар гаруй болсон байна. Энэ хугацаанд олон ч аймгаар явж, салбарын сайдууд, УИХ-ын гишүүд, бусад оролцогч талуудтай уулзалт хийсэн. Эндээс харахад таны хувьд Азийн Хөгжлийн банк болон Монгол Улсын түншлэлийн тухайд онцлууштай нь юу байв? 

    - Миний бодлоор Монгол Улс Азийн Хөгжлийн банктай олон талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа нь тун онцлууштай. Бид бүгдийн мэдэж байгаачлан Монгол Улс 1991 онд Азийн Хөгжлийн банкны гишүүн орон болсон. Тэр цагаас хойш Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсад дөрвөн тэрбум гаруй ам.долларын техникийн туслалцаа, зээл, тусламж үзүүлсэн байна. Одоо бол зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт 1.6 тэрбум ам.долларын төслүүд хэрэгжиж байна. Монгол дахь үйл ажиллагааны хамгийн гайхшируулсан зүйл бол 30 гаруй жилийн хугацаанд маш олон салбарт төсөл хэрэгжүүлсэн байна. 

    Миний хувьд энэ албан тушаалд томилогдсоныхоо дараахан буюу хамгийн анхны томилолтоороо Хөвсгөл аймагт очсон. Тэнд би аймгийн удирдлагууд, нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ард иргэдийн амьдралд үнэхээр ач тусаа өгч буй эсэхтэй биечлэн танилцсан. Аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх, хог хаягдлын цэг, саарал усыг дахин ашиглах, зам тавих гэх мэтээр. Шинэ суурин төлөөлөгчийн хувиар үр дүнг нь харахдаа сэтгэл хангалуун байлаа.   

    - Та авто замын талаар дурдлаа шүү дээ.  Ялангуяа  баруун аймгуудад авто замын төслүүд хэрэгжиж байгаа. Тэгвэл Азийн Хөгжлийн банк энэ салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?

    - Азийн Хөгжлийн банкны хувьд сүүлийн 30 жилд хамгийн их анхаарал хандуулсан гол салбаруудын нэг бол тээвэр. Миний ойлгосноор хамгийн анхны хөрөнгө оруулалт Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг сайжруулахад чиглэсэн төсөл байсан. Хэдий тийм боловч нийт хөрөнгө оруулалтын дийлэнх нь авто тээврийн салбарт байгаа. Мөн бид Монгол Улстай 10 жилийн хугацаанд 420 гаруй км замыг хатуу хучилттай болгох “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх” төсөлд хамтран ажилласан. Энэ нь ОХУ-аас Баян-Өлгий, Ховд аймгийн төвөөр дамжин БНХАУ хүртэл авто замаар холбож байгаа. Би өөрөө энэ замын зарим хэсгээр яваад ирсэн. Тэгэхэд зам тавьсны дараа нэг чиглэлийн 110 км урт замыг зам барихаас өмнөх үетэй харьцуулахад 4-5 дахин бага хугацаанд туулдаг болсон гэж сонссон.

    Мөн саяхан Азийн Хөгжлийн банкны зүгээс авто замын аюулгүй байдлыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд зориулж баруун бүсэд 263 км зам тавих 150 сая долларын зээл олгох шийдвэр гаргасан. Энэ мэтээр Азийн Хөгжлийн банкны хувьд зам тээврийн салбар цаашдаа ч чухал чиглэл байсаар байх юм. 

    - Дэд бүтцийн холболт, тэр дундаа бүс нутгуудыг холбосон авто замуудын тухай ярьж байна шүү дээ. Энэхүү зам урд, хойд хоёр хөршөө холбосноор эдийн засагт олон шинэ боломж гарч ирэх нь гарцаагүй. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

    - Энэ бол гарцаагүй авто тээврийн хөгжлийг эн тэргүүнд тавих шаардлагатай вэ гэдгийг харуулж буй шалтгаануудын нэг гэж бодож байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Тийм ч учраас Азийн Хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын хилийн боомтын хөгжилд мөн дэмжлэг үзүүлж байгаа. Боомтын бүтээн байгуулалттай холбоотой шинэ төсөл бэлтгэл шатандаа явж байна. Мөн энэ нь эргээд бидний өмнө дэмжсэн “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх” төсөлтэй холбогдож байгаа. Үүн дээр нэмээд эдийн засгийн төрөлжилтийг аваад үзвэл бид хэрхэн бусад зах зээлд нэвтрэх, бүс нутгийн бусад орнууд руу бараа бүтээгдэхүүнээ хүргэх талаар ярих хэрэгтэй. Үүнд авто зам чухал үүрэгтэй. 

    - Яриагаа эдийн засгийн бодлого төлөвлөлт гээд хамгийн тулгамдсан асуудал руу чиглүүлье. Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. 2024 оны төсвийн зарцуулалт нэмэгдэхээр болсон. Харин Азийн Хөгжлийн банкны ирэх оны инфляцын төсөөллийг харвал 8.6 хувьтай байна. Хэдий тийм боловч ирэх оны эцсээр инфляц дахиад хөөрөгдөж магадгүй гэж зарим шинжээч хэлж байгаа. Инфляцыг ирэх онд нэг оронтой тоонд оруулах боломжтой юу? 

    - Азийн Хөгжлийн банк инфляцыг нэг оронтой тоон хэвээр орно гэж тооцоолж байна. Ирэх жилийн хувьд өнгөрсөн жилийнх шиг инфляц өндөр түвшинд хүрэхгүй гэж таамаглаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын хичээл зүтгэл үр дүнгээ өгч байгаа нь мөн харагдаж байна. Төсвийн бүтцийн хувьд алдагдал 2020 онд 12 хувь даваад байсан бол 2021 онд 6.7 болж буурсан. Өнгөрсөн оны хувьд хоёр хүрэхгүй хувьтай гарсан. Мөн шинээр танилцуулсан төсөвт алдагдал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээг хангасан байх болов уу гэж харж байна.

    - Сүүлийн 30 сарын турш инфляц зорилтот түвшнээс давсан нь бага, дунд орлоготой айл өрхүүдэд хамгийн хүндээр тусаж байна. Төв банкны зүгээс бодлогын хүүгээ 13 хувьд барьж байгаа нь бизнесийн зээлийн олдцод нөлөөлж байна. Нөхцөл байдал илүү дээр байх боломж байсан уу?

    - Бид Монгол Улсын Засгийн газартай шинэ төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Бичил, жижиг, дунд бизнес маш чухал гэж бид үздэг. Таны дурдсанчлан тэдний хувьд бизнесээ өргөжүүлэх гол зам нь зээл авах. Яг энэ талд Азийн Хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран хөдөө аж ахуйн салбар дахь бичил, жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ингэснээр манай бага хүүтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан авах боломжтой болно. Бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай бага хүүтэй зээл авна аа гэсэн үг. Мөн бизнес, маркетингийн талд техникийн дэмжлэг ч багтаж байгаа. Төсөл маань хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээ, эдийн засгийн төрөлжилт зэрэгт төвлөрсөн, мөн энэ салбарт экспортыг нэмэгдүүлж, импортыг бууруулах зорилт тавьж байна.

    - Монгол Улс ирэх онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн тухай хуулиа боловсруулсан. Хэдий тийм боловч дэлхийн эдийн засаг дахь тодорхойгүй байдал нэмэгдэж, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямрал түүхий эдийн эргэлтэд нөлөөлж болзошгүй болоод байна. Мэдээж хэрэг бид энэ маягаараа дан ганц нүүрсний экспортдоо найдаад явах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

    - Азийн Хөгжлийн банк энэ бүхнийг анхааралтай ажиглаж байна. Манай сүүлд гаргасан “Азийн Хөгжлийн төлөв” тайланг та харсан байх. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл коксжих нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн эрэлт буурахад нөлөөлөх боломжтой гэдгийг дурдсан байгаа. Гэхдээ үүн дээр БНХАУ-ын Засгийн газар хариу арга хэмжээ авч, сөрөг нөлөөллийг нь  бууруулна гэж бид хүлээж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын бодолцох хэрэгтэй нэг зүйл гэвэл БНХАУ зэрэг олон улс урт хугацаандаа хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр дүнгээр тэглэх зорилт тавьсан. Тэгэхээр урт хугацаандаа нүүрсний эрэлт буурна. Хэр хугацаанд гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн ирэх жилдээ бол биш. Эдийн засгийн урт хугацааны төлөвлөлтийн хувьд уул уурхайн болон уул уурхайн бус салбарт аль алинд нь нүүрснээс хамаарлаа бууруулж, төрөлжүүлэх нь макро эдийн засгийн эрсдэл даах чадварт маш чухал.  

    - Монголын Парламент саяхан НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас таван хувь болгох нь зөв эсэх талаар олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Ингэхэд 100 мянга гаруй хүн зөвшөөрсөн санал өгсөн. Гэхдээ НӨАТ нь төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг гэхээр та үүн дээр ямар бодолтой байна вэ?

    - Бидний зүгээс энэ талд цогц шинжилгээ хийж үзээгүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Мэдээж үүнд хэд хэдэн асуудал яригдана. Нэг талаар НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр төсвийн орлого буурч мэднэ. Нөгөө талаар татвар төлөлт нэмэгдэж, орлого өсөх ч боломжтой. Тэгэхээр нарийн судлалгүйгээр үүн дээр тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй байна.

    - Статистик мэдээллээс харвал ажиллах хүчний оролцоо буурч байна. Чадварлаг ажиллах хүчин Монголыг орхин явж буй асуудал ч хөндөгдсөн. Бүтээмж, ялангуяа хөдөө аж ахуй, үйлчилгээний салбаруудад буурсан. Таны бодлоор үүнтэй холбоотой бодлого боловсруулалтад ахиц гарав уу?

    - Энэ салбарт Азийн Хөгжлийн банкны хувьд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж байгааг дурдсан. Энэ бол тун чухал. Учир нь Монгол Улсын экспортын орлогын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг ч нийт ажлын байрны дөнгөж таван хувийг л уул уурхайн салбар бий болгодог. Тиймээс хэрэв хөдөлмөр эрхлэлтийн боломжийн талаар ярьж байгаа л бол энэ нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй холбогдоно. Бид энэ асуудлыг бүхий л түвшинд авч үзэж байгаа. Микро түвшинд гэвэл бид гэр хороолол дахь бичил бизнес эрхлэгчдэд жишээ нь оёдлын машин авах зэрэгт нь буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр санхүүжилт олгож, мөн бизнесийн мэдлэг олгох сургалтад хамруулж байгаа. Ингэснээр ажлын байр бий болж, орлого нь ч нэмэгдэнэ.

    Дунд түвшинд гэвэл бид Хөвсгөлд төсөл хэрэгжүүлсэн. Тэнд очсон гэдгээ би бас дурдсан. Хөвсгөл аймгийн хувьд аялал жуулчлалын компаниудад чиглэсэн төсөл байсан юм. Төслийн хувьд яг адилхан. Буцалтгүй тусламжаар эргэлтийн сан байгуулаад, аялал жуулчлалын салбарын жижиг компаниуд санхүүжилт авч, бизнесээ өргөжүүлэх боломжтой болно. Үүнд хамрагдсан хэд хэдэн талтай уулзалт хийсэн. Жишээ нь: сарлагийн сүүгээр зайрмаг хийдэг компани байна. Тэгж бизнесээ өргөжүүлсэн.

    - Сонирхолтой юм.

    - Их амттай байсан шүү.  Мөн талх, нарийн боовны чиглэлээр ажилладаг бүсгүй ч байсан. Нэмэлт төхөөрөмж авч, илүү олон хүн ажлын байраар хангах болсон. Одоо аялал жуулчлалын улирлаар талх нарийн боов хийж, жуулчны кемпүүдэд нийлүүлж байгаа. Энэ бол сайн жишээнүүд. Миний дурдсан өөр нэг жишээ бий. Азийн Хөгжлийн банк арилжааны банкнуудаар дамжуулан хөдөө аж ахуйн бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Учир нь ажлын байрны 70 гаруй хувь энэ салбарт байна. Тиймээс ажлын байр бий болгох талаар ярьж л байгаа бол бичил, жижиг дунд бизнесийн сегментийг анхаарах хэрэгтэй. 

    - Ялангуяа энэ зун аялал жуулчлалын салбарт өсөлт ажиглагдлаа. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Хэдийгээр одоогийн байдлаар энэ зорилтдоо хараахан хүрээгүй байгаа ч аялал жуулчлалаас олсон орлогын хэмжээ нэмэгдсэн. Тэгвэл салбарын бодлогын хувьд та юу хэлэх вэ? Чанар уу, тоо юу? 

    - Миний хувьд аль аль нь гэж харж байна. Аль алинд нь анхаарах хэрэгтэй. Монгол Улсад аялал жуулчлалын салбарт маш их боломж бий. Танай улсын хувьд өв соёлын дахин давтагдашгүй баялаг, байгалийн унаган төрхөөрөө дэлхийн өнцөг булан бүр дэх жуулчдын сонирхлыг эрхгүй татдаг. Энэ тал дээр Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай юун дээр хамтран ажиллаж байгаа вэ гэвэл, мэдээж тооны хувьд нэлээн өсөлт гарна, жишээ нь: Хөвсгөл дэх манай төслийн хувьд тоог нь өсгөхийг зорихоос гадна нуур орчмын байгалийн тогтцыг сүйдэлмээргүй байгаа. Монголын цэвэр усны нөөцийн 70 хувь нь байгаа шүү дээ. Мөн зам тавихад мөнх цэвдгийн хайлалтыг бууруулах туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байна. Цаашлаад аливаа хаягдлыг ус руу оруулахгүй байх ариун цэврийн системийг судалж байгаа. Тэгэхээр тоо, чанар аль алийг нь сайжруулах боломж бий гэж бодож байна. Тогтвортой аялал жуулчлал үүний гол түлхүүр нь байх учиртай.

    - Тантай санал нэг байна. Та бол эрчим хүч, уур амьсгалын чиглэл болоод тэдгээрийн яриа хэлцэл дээр 20 гаруй жилийн туршлагатай хүн. Нүүрсийг аажмаар халж, мал аж ахуйн илүү сайн практикийг нэвтрүүлэх нь ногоон ирээдүйд чухал байгаа. Монгол Улсын хувьд энэ талд ямар бодит шийдлүүд байж болох вэ?

    - Энэ асуултыг асуусанд баярлалаа. Учир нь миний бодлоор энэ хоёр хоёулаа Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалд маш чухал. Дэлхийн эрчим хүчний шилжилтийг харвал нүүрсний эрэлт дэлхий даяар буурахаар байгаагаа дурдсан. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлнө. Үүнтэй зэрэгцээд энд зэсийн олборлолт нэмэгдэж, Монгол Улсын хувьд ногоон шилжилтийн чухал хөдөлгүүр болох боломжтой юм. Түүнчлэн Монгол Улс газар нутагтаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өргөн боломжтой. Жилд 2600 гигаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гарсан. Гэтэл одоо байгаа системийнх 1.5 гигаватт л байна. Ямар их нөөц байгааг үүнээс харж болно.

    Азийн Хөгжлийн банкнаас гаргасан нэг судалгаанд Өмнийн говийн бүсэд 300 гигаваттын дэд бүтэц хөгжүүлэхэд л БНСУ, Япон зэрэг алс хол орших орнууд руу нийлүүлэх нь эдийн засгийн хувьд боломжтой гэж тооцоолсон. Учир нь эдгээр улс газар нутаг болоод нөөц баялаг багатай. Энэ бол Монгол Улсад гадаад хөрөнгө оруулалт татах асар том боломж. Эрчим хүчний дотоодын нийлүүлэлтэд ч маш чухал гэж бодож байна. Мөн хэд хэдэн давуу тал байгаагийн нэг нь технологийн үнэ буурснаар үүнийг дагаад үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, энэ хэрээр нэгжийн өртөг буурах юм.

    Мөн сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт худалдан авалт дээр инновацууд ч гарч ирсээр байна. Энэ үйл ажиллагаа ерөнхийдөө хоёр талын гэрээний хүрээнд дээр явагдаж ирсэн. Гэхдээ сүүлийн үед улс орнууд өрсөлдөөнт нийлүүлэлт рүү явж байна. Жишээ нь Монгол Улс дуудлага худалдаагаар хамгийн бага үнийн санал илгээсэн талаас эрчим хүч авна гэсэн үг. Азийн Хөгжлийн банкны зүгээс улс орнуудад ийм дуудлага худалдаа зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж байсан. Жишээ нь: Камбож улсыг энд дурдаж болно. Тус улсад энэ системийг нэвтрүүлснээр нэг киловатт цаг сэргээгдэх эрчим хүчний нэгжийн үнэ 30 хувиар хямдарсан. Мөн бид үүнтэй төстэй төслийг Олон улсын санхүүгийн корпорац, ЕСБХБ-тай хамтран Узбекистанд хэрэгжүүлсэн. Ингэхдээ зээлийн тэлэлтийн механизмыг нэмж, өртөг бүр ч хямдарсан. Тэгэхээр нийлүүлэлтийн талын энэ инновацыг ашиглахаас гадна мөн технологийн талд нэгжийн өртөг буурснаар Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нүүрсний шинэ цахилгаан станцтай харьцуулахад илүү бага зардлаар нэмэгдүүлэх боломжтой. Мэдээж энэ нь бохирдол үүсгэхгүй. Одоо утааны улирал эхэлж байгаа болохоор бүх хүн энэ талаар, хэрхэн зайлсхийж болохыг бодож байгаа байх. Энэ бол сэргээгдэх эрчим хүч талаасаа.

    Мөн та бэлчээрийн тогтвортой менежментийн талаар дурдсан шүү дээ. Мэдээж энэ бас амин чухал. Маш олон өрх бэлчээрээс өндөр хамааралтай байна. Энэ талд бид тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй. Жишээ нь: ноолуурыг авч үзвэл ноолууран бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх, малын эрүүл ахуй, мөн мах бэлтгэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх замаар органик, “халал” аргаар боловсруулсан мах сонирхож буй зах зээлүүдэд бүтээгдэхүүн экспортлох зэрэг маш их боломж бий. Үүний тулд бид амьжиргааг нь тэтгэхийн зэрэгцээ байгаль орчны экосистемийг алдагдуулахгүй байх талд малчин өрхүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй. 

    - Азийн Хөгжлийн банкны зүгээс сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улсад ч сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийн тоо аажмаар нэмэгдсээр байгаа ч сэргээгдэх эрчим хүчний тариф, мөн Төрөөс үнэ тарифыг хянадаг эсэх зэрэг шийдвэрлэгдээгүй асуудлууд байсаар байна. Тэгвэл энэ талд ямар бодлого авч хэрэгжүүлбэл зүгээр вэ? 

    - Ихэнх улс орнуудад эрчим хүч нь арилжааны шинжтэй, өрсөлдөөний зарчим бүхий салбарт тооцогддог. Тиймээс зардлаа 100 хувь нөхөж, төсвийн интервенц шаардлагагүй байдаг. Мэдээж ийм болж хөгжихийн тулд сайн засаглалын хажуугаар зохистой тариф тогтоох хэрэгтэй. Монгол Улсын хувьд эрчим хүчний талд тулгамдаж буй нэг асуудал нь хэрэглэгчдийн төлөх тариф нийлүүлэлтийн өртгөөс доогуур байгаад оршиж байгаа юм.

    Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ станц барих гэхээр  хөрөнгө оруулалтынх нь өртгийг нөхөхөд хүрэлцэхгүй байна. Тиймээс эрчим хүчний салбарыг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд бизнесийн зорилгоор үйл ажиллагаа явуулах бололцоог хангах нь нэн чухал байх болно гэж бодож байна.

    - Аравдугаар сард Азийн Хөгжлийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохоор баталсан. Өрийн удирдлага болон төсвийн дэмжлэгийн зорилгоор олгож байгаа. Тэгвэл үүний зарцуулалтын талаар товч тайлбарлаж өгөхгүй юу. 

    - Энэхүү зээл нь төсвийн дэмжлэгийн зориулалттай учраас Азийн Хөгжлийн банкнаас зээлийн зарцуулалтад нарийн хяналт тавихгүй гэсэн үг. Гэхдээ үүнд тохируулж бодлогын  өөрчлөлт хийх нөхцөлтэй олгогдож байгаа. Засгийн газрын авч хэрэгжүүлэх боломжтой бодлогыг Азийн Хөгжлийн банкны Удирдах зөвлөл дотооддоо хэлэлцэж баталсан. Энэ нь урт хугацаандаа Монгол Улсын төсвийн, эдийн засгийн, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хэрэгтэй юм.

    Ерөнхийдөө манай төсвийн дэмжлэгийн зорилгоор зээл олгох арга барил ийм байдаг. Таны дурдсанчлан энэ нь өрийн удирдлага гэх мэт өөр олон чиглэлд зориулагдаж байгаа. Бид Монгол Улсын Засгийн газарт бодлогын зорилтуудаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх техникийн туслалцаагаар сайн хангадаг. Бидний техникийн туслалцаа үзүүлдэг өөр нэг чиглэл бол татварын реформ байгаа. Татвар төлөлтийг сайжруулах нь дунд хугацаандаа төсвийн тогтвортой байдлыг сайн дэмжиж чаддаг.

    - Төсвийг харвал өрийн үйлчилгээнд хуваарилагдах мөнгөний хэмжээ нэмэгдсээр байна. Мэдээж зээлийн олон боломж байгаа ч Парламент төсвөө алдагдалтай баталсаар байна. Тэгвэл бодлогын хувьд энэ талд бид юунд анхаарах хэрэгтэй вэ?

    - Азийн Хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэгийн зээл авахын давуу тал гэвэл жишээлбэл: шинэ бонд гаргахтай харьцуулахад хамаагүй илүү урт хугацаатай байдаг. Тэгэхээр өртөг багатай, илүү тогтвортойгоос гадна цаг хугацааны явцад өрийн бүтцийг шинэчлэхэд дэм болно. Өрийн удирдлагын талд Засгийн газарт техникийн дэмжлэг үзүүлж байгааг дурдсан шүү дээ. Цаашид ч дэмжлэг үзүүлсээр байх болно. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд тусгагдсан алдагдлын хэмжээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаас хэтрээгүй байгаа. Мэдээж үүнийг дотоодын зах зээл болон Азийн Хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын тусламжтайгаар нөхөх боломжууд бий.

    - Азийн Хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа стратегийн тэргүүлэх гурван чиглэлд төвлөрч байна. Тухайлбал: хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжууд, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлоох зэрэг байна. Тэгвэл ирэх жил Азийн Хөгжлийн банк ямар чиглэлд төвлөрч ажиллахаар байгаа вэ?

    - Азийн Хөгжлийн банкнаас 2021-2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжих хугацаа өндөрлөх шатандаа орж байна. Үүнтэй холбогдуулан бид тус хугацаанд товлосон ажил хөтөлбөрүүдээ дуусгаж, мөн дараагийн стратегиа тодорхойлохын тулд өмнөх ажлуудаа үнэлж дүгнэж байгаа.  Тэгэхээр бэлтгэсэн төслүүдээ дуусгахаас гадна Засгийн газартай хамтран хөгжлийн хөтөлбөрөө ахиулахад ямар стратеги хамгийн сайн үр дүнтэй байхыг тодорхойлохыг зорьж байна.

    Тэргүүлэх гурван чиглэлийн тухай та сая дурдлаа. Тодорхойлолт нь нэлээд урт л даа. Гэхдээ ерөнхийдөө иргэд, дэд бүтэц, тэсвэртэй байдал гэсэн гурван сэдвийг хамардаг гэж ойлгож болно. Иргэдийн чиглэлд л гэхэд эрүүл мэнд, боловсрол зэрэг багтана. Өмнө хэлсэнчлэн эдгээр чиглэлүүдэд Азийн Хөгжлийн банк сүүлийн 30 гаруй жилийн турш тогтвортойгоор хөрөнгө оруулалт хийж байна. Би суурин төлөөлөгчөөр ирэх үедээ анзаарсан нэг зүйл гэвэл Монгол дахь хоёр сургууль болгоны нэг нь Азийн Хөгжлийн банкны дэмжлэг авсан байдаг. Сургуулийн барилгын ажил, засвар шинэчлэлт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт гэх мэт. Мөн суурь боловсролын системийг олон улсын жишгээр 12 жил болгоход ч Азийн Хөгжлийн банк хувь нэмрээ оруулсан. 

    Одоо ч гэсэн бид энэ чиглэлд төслүүдээ үргэлжлүүлж, сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд руу тэлж байна. Одоо байгаа сургууль цэцэрлэгийн багтаамжийн хомсдолтой холбоотой сорилтуудыг шийдэхээр ажиллаж байна. Сургуулиуд олон ээлжээр хичээллэхээс өөр аргагүй болж байгаа шүү дээ. Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхээр бид Боловсрол, Шинжлэх ухааны яамтай хамтарч байна. 

    Харин эрүүл мэндийн салбарын тухайд би аймгуудаар явж эрүүл мэндийн зарим байгууллагаар орж танилцсан. Тэгэхдээ Монголын бүх 21 аймгийг Цусны төвтэй болгоход Азийн Хөгжлийн банк туслалцаа үзүүлснийг мэдсэн. Орон нутгийн алслагдмал эмнэлгүүд, мөн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж багатай иргэдэд үйлчлэх гэр хороолол дахь эмнэлгүүдэд туслалцаа үзүүлж байна. Ирэх онд төлөвлөсөн эрүүл мэндийн шинэ төсөлд эдгээр нь нэн тэргүүний зорилт байх болно. 

    Дараа нь мэдээж эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой дэд бүтцийн салбар байгаа. Эрчим хүчний дутагдалтай, зам харилцааны асуудалтай үед үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжгүй шүү дээ. Тийм ч учраас бид авто зам, хотын дэд бүтэц, үер усны хамгаалалтад үргэлжлүүлэн төвлөрөх болно. Манай одоо гэр хороололд хэрэгжүүлж буй томоохон төслийн хувьд үерийн хамгаалалт, авто зам, эрчим хүчний хангамж, ус болон ариутгах татуурга зэргийг хамарч байгаа.  Эдгээр бүгд нь манай гол чиглэлүүд. 

    Хэдий тийм боловч дараа дараагийн стратегид ахиц гаргах шаардлагатай нэг чиглэл нь уур амьсгалын өөрчлөлт гэж бодож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл Монгол Улсад хэдийн мэдрэгдээд эхэлчихсэн байна. Монгол Улсын жилийн дундаж температурын өсөлт дэлхийн дунджаас ч илүү байгаа.

    - Бас энэ зуны үер байна шүү дээ.

    - Тийм ээ, энэ мэтээр үер ус, хөрсний гулгалт зэрэг цаг уурын ноцтой үзэгдлүүдийн давтамж ихэссэн. Мөн зудын гамшиг байна. Цаашдаа орох хур тунадасны хэмжээ байнга хангалттай биш, жигд бус байхаар байна. Иймд бэлчээрийн бүс, дэд бүтэц, ард иргэдийг хамгаалах талаар дорвитой анхаарах хэрэгтэй.

    - Азийн Хөгжлийн банкны одоогийн баримталж буй стратегийг өмнөх стратегийн чиглэлтэй харьцуулбал илүү чанарт анхаардаг болж, төсөл хөтөлбөрүүдийнхээ тоог багасгасан нь анзаарагдсан. Азийн Хөгжлийн банкнаас төслүүд болон санхүүжүүлэлтэд тавьж буй шалгуур, шаардлагуудын талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөөч.

    - Азийн Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрийг үнэлэхдээ хардаг хамгийн чухал зүйл нь гэвэл тухайн төсөл улсынхаа эдийн засагт үнэхээр үнэ цэн бий болгож байна уу гэдэг явдал. Энэ бол бидний өөрчлөх боломжгүй хэмжүүр. Эдийн засгийн үнэ цэнийг нь бид харах ёстой.  Мэдээж үүнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн төслүүд багтана. Мөн аж ахуйн нэгжүүдэд хийх хөрөнгө оруулалт ч багтана. 

    Бидний ихээхэн анхаарч буй өөр нэг чиглэл бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм. Таныг энэ талаар сонссон эсэхийг мэдэхгүй байна. Саяхан Азийн Хөгжлийн банк хөрөнгийн удирдлагын хэд хэдэн реформ хийгээд байна. Үүний гол зорилго нь ирэх 10 жилийн хугацаанд нэмэлтээр 100 тэрбум ам.долларын эх үүсвэр бий болгох юм. Эдгээр реформууд нь Азийн Хөгжлийн банкны хөрөнгийн хүрэлцээтэй байдлын тухай бодлогын шинэчлэлийн хүрээнд  танилцуулагдсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өмнө нь Азийн Хөгжлийн банк  өөрийн нөөцөөсөө жил бүр 36 тэрбум ам.долларын эх үүсвэр баталдаг байсан бол энэ нь 10 тэрбум ам.доллароор нэмэгдэх юм. Тэгэхээр ирэх 10 жилийн хугацаанд 360 тэрбум ам.доллар гаргаж чадна гэхээр маш том нөлөөтэй.

    Хэдий тийм боловч тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, уур амьсгалын хямралын эсрэг арга хэмжээг дорвитой эрчимжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ нь жилийн гурван их наяд ам.доллар байх тооцоо гарсан. Тиймээс бид тэрбумаас их наяд  руу шилжих хэрэгтэй болж байна. Тэгэхээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дайчлахад анхаарах нь үүнд хүрэх арга зам болно.

    Дараагийн стратегидаа бид энэ чиглэлд уур амьсгалын өөрчлөлтийн нэгэн адил ихээхэн анхаарал хандуулж ажиллахаар байгаа. Монголд бүхий л салбаруудад хувийн хэвшлийг татан оролцуулах боломжтой гэж харж байна. Эхэн шатандаа хууль тогтоох засаглал болон зохицуулалтын орчин, дунд шатандаа гэвэл бидний одоо ЭЗХЯ-тай хамтран ажиллаж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөгжлийн төв, харин эцсийн шатандаа банкны шалгуур хангах төслүүдийг бий болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулах боломжтой эсэхийг мэдэх юм. Эдгээрт Азийн Хөгжлийн банктай онцгой анхаарал хандуулах болно. Учир нь тэрбумаас их наядад хүрэх бидний бодлогод хувийн хэвшил нэн чухал үүрэгтэй оролцохоор байна. 

    - Эрчим хүч болон уур амьсгалын төслүүдийн туршлагатай мэргэжилтний хувьд та нийслэлд автомашинуудыг цахилгаанжуулах асуудлыг хэрхэн харж байна вэ? Мөн мэдээж авто замын түгжрэл Улаанбаатарт хүндрэлтэй байгаа. Монголд цахилгаан хөдөлгүүртэй автомашины импорт эрчимтэй нэмэгдсээр байна. Мэдээж энэ бол ямар ч бохирдолгүй шийдэл. Та энэ талаар бодлоо хуваалцахгүй юу. 

    - Миний бодлоор дэлхий даяарх эрчим хүчний шилжилтэд цахилгаан автомашин нэн чухал стратеги болно. Цахилгаан автомашингүйгээр шилжилт хийх боломжгүй. Гэхдээ бид үүний зэрэгцээ нийтийн тээвэрт ч онцгой анхаарах хэрэгтэй. Одоогийн Улаанбаатарынх шиг түгжрэл үүсгэхгүйгээр иргэдийг зорчих боломжоор хангах нь үнэхээр анхаарах ёстой асуудал шүү дээ. Яг энэ чиглэлд бид нэгэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор бэлтгэл шатандаа, загвар нь бүрэн гараагүй байгаа. Ерөнхийдөө хотын замын хөдөлгөөн болон түгжрэлийг бууруулахад чиглэхээр байгаа.

    - Цахилгаан автобуснууд уу?

    - Яг ч үгүй ээ. Одоохондоо хараахан тодорхой болоогүй. Гэхдээ тусгай замын автобус зэрэг боломжтой хувилбаруудыг багтааж байгаа. Бид энэ төслийг олон оронд амжилттай хэрэгжүүлсэн. Яг одоо Пакистанд бас томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хэдий тийм боловч дахин хэлэхэд төсөл бэлтгэл шатандаа, Улаанбаатар хотын захиргаатай хэлэлцээний түвшинд явж байгаа. Бид авто замын түгжрэл, агаарын бохирдлын асуудлууд дээр Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах боломжийг судалж байна. 

    Хэдий тийм боловч Монгол дахь эрчим хүчний шилжилт, агаарын бохирдлын тухайд гэвэл эн түрүүнд халаалтын асуудал, мөн халаалтыг цахилгаанаар шийдэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын төлөөлөгчидтэй Финланд явж, халаалтыг цахилгаанаар шийдсэн амжилттай шийдлүүдийг судалсан.

    Монгол Улсад энэ шийдлийг нэвтрүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь санхүүгийн хувьд хараахан өрсөлдөх чадвартай биш байна. Учир нь ус, дулааны тариф бага учраас нийлүүлэлтийн өртгөө нөхөж чадахгүй байна. Тиймээс бид буцалтгүй санхүүжилтээр энэ төрлийн зарим технологийг туршиж, Монголын хатуу ширүүн уур амьсгалд хэр үр ашигтайг нь харахаар зорьж байна. Цаашид бид энэ технологийн хэрэглээг тэлж, урт хугацаандаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө байх гэж найдаж байна.

    Cэтгэгдэл бичих