Зургийг: nema.gov.mn
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай, Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь зэрэг 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлээд байна. Зудын үнэлгээгээр таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа аж.
Энэ өвөл Монгол орны хэмжээнд сүүлийн 49 жилд буюу 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж буйг албаныхан мэдээллээ. 2009-2010 оны зудтай жилийн өвөл нийт нутгийн дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан бол энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 мм-ээр их байгаа аж.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард нийт нутгийн хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин, 12 дугаар сард олон жилийн дунджаас 1.9 дахин, энэ оны эхний сард 3.5 мм буюу олон жилийн дунджаас хоёр дахин их хур тунадас орсон байна. Ялангуяа Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай, Дундговь зэрэг аймагт сүүлийн 50 орчим жилд ажиглагдаж байгаагүй их хэмжээний цас оржээ.
2024 оны хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төв аймгийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас орсныг ОБЕГ мэдээлсэн юм.
Түүнчлэн хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу лхагва гарагт Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар их хэмжээний цас үргэлжлэн орж, цасан шуурга болох төлөвтэй байна. Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48 хэм, өдөртөө -29-34 хэм хүйтэн байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр гуравдугаар сард Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Булган аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа аж.
Харин дөрөвдүгээр сард Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгэ аймгийн ихэнх, Төв аймгийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Төмөр зуд нүүрлээд буй Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэхээр байгаа нь хаваржилт хүндрэх төлөвийг харуулж байна.