logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Зудын улмаас 20 сая орчим толгой мал хорогдох эрсдэлтэй байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 21 13:40
    274

    Зургийг: С.Батсайхан

    ЗГХЭГ: Улсын хэмжээнд зургаан сая гаруй мал хорогдоод байна

    2023 оны эцэст улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологдсон ч өнөөдрийн байдлаар зургаан сая нь хорогдоод байна. Эрсдэлийн үнэлгээгээр урьдчилсан байдлаар 20 сая орчим толгой мал хорогдох тооцоолол гараад байгаа юм. Үүнийг дагаад олон малчин өрх малгүй болох эрсдэлтэй болоод байна.

    Цаг агаарын нөхцөл байдал гуравдугаар сар дуустал сайжрахгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа бөгөөд малын хорогдол энэ хавар өмнөх жилүүдээс илүү байх эрсдэлтэй байгааг салбарынхан онцолж байна. Малын хорогдол өвөл гэхээс илүүтэй хавар их байдаг. Малын тоо толгой жил бүр 10-20 саяар өссөөр 2018-2019 онд 72 сая толгойд хүрсэн ч 2020 оны зуднаар таван сая мал зүй бусаар хорогдож байсан нь түүхэндээ хамгийн өндөр дүн болж байжээ. Харин энэ жилийн хувьд малын хорогдол дээрхээс дөрөв дахин нэмэгдэхээр байна.

    "Хэрэв 20 сая мал хорогдвол 20 мянга гаруй малчин өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг  алдах, зарим нь ямар ч малгүй болох эрсдэлтэй байна. Тиймээс малжуулах хөтөлбөрийг бодлогоор хэрэгжүүлнэ. Тухайлбал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаагаас малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгож, дэмжлэг үзүүлнэ” гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. 2023 оны статистик үзүүлэлтээр нийт малчдын 147.8 мянга нь зээлтэй байсан аж.

    Өнгөрсөн оны эцсийн байдлаар 247.9 мянган малтай өрх тооллогод хамрагдаж байсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 425 өрхөөр буурчээ. Малтай 189.3 мянган өрх мал маллаж, малаа амьжиргааны эх үүсвэр болгож байгаа юм. Монгол Улсын хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 298.3 мянган малчин мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаагаас 179.4 мянга нь эрэгтэй, 118.9 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж. Малчдын тоо 2023 онд өмнөх оныхоос 6.7 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хот болон Хөвсгөл, Хэнтий, Орхон аймагт малчдын тоо 29-99-өөр нэмэгдсэн бол бусад аймагт 92-801-ээр буурчээ.

    Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Малжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зудын улмаас орлогын эх үүсвэрээ алдсан малчдыг ядууралд орохоос сэргийлэхийн тулд хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах аж.

    Үүнээс гадна уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар боллоо. Хуулийг батлан хэрэгжүүлснээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болж, малчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ. Мөн орон нутгаас хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг  сааруулж, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх боломж бүрдээхээс гадна мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдаж, малын чанар, үүлдэр сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих