Цар тахлын улмаас жуулчдын хөл татарсан нь түрээсийн үнэ огцом унахад нөлөөлснөөр Хонгконг дэлхийн хамгийн өртөг өндөртэй худалдааны бүс гэсэн байр сууриа алджээ.
Бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн компани “Cushman & Wakefield”-ийн судалгаагаар Манхэттэний “Upper Fifth Avenue” нь худалдан авалт хийхэд хамгийн үнэтэй гудамжаар тодорсон бол Хонгконгийн Цим Ша Цүйн гудамж, Италийн Милан хотын Виа Монтенаполеоне гудамж удаалсан байна.
“Upper Fifth Avenue”-д худалдааны талбайн жилийн түрээсийн үнэ метр квадрат тутамд дунджаар 21 мянга гаруй ам.доллар байгаа нь цар тахлын өмнөх үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин ижил хугацаанд Хонгконгийн Коулунд байдаг Цим Ша Цүйн гудамжны түрээсийн үнэ 41 хувиар унаж, метр квадрат нь 15 мянга 400 ам.доллар болсон бол Виа Монтенаполеонед есөн хувиар өсөж, 14 мянга 848 ам.доллар болжээ.
Хонгконг нь цар тахлын эсрэг маш хатуу хязгаарлалтын арга хэмжээ авсны сацуу эх газрын Хятадтай хилээ хаасны улмаас жуулчид, зорчигчдын тоо эрс буурсан юм. Энэ оны эхний есөн сард тус хот ердөө 250 мянган жуулчин хүлээн авчээ. Харьцуулбал 2019 оны турш бараг 56 сая жуулчин Хонгконгийг зорьж байсан аж.
Дээрх жагсаалтад Лондон хотын Нью Бонд гудамжны дундаж түрээсийн үнэ 11 хувиар буурснаар өмнөх оноос нэг байраар ухарч, дөрөвдүгээр бичигдсэн байна. Харин Парис хотын Элизейн өргөн чөлөөний түрээсийн үнэ 18 хувиар буурснаар жагсаалтын тавдугаарт бичигджээ.