Зургийг: ulaanbaatar.mn
Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй “Aqua Garden”, “S Outlets”, “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээллээ.
“Усны нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Aqua Garden”-ийн барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Энэ нь холбогдох хууль, журам зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S Outlet”, “Aqua Garden”-ийн барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана” гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга онцлов.
Үүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд голын үерт өртөх суурьшлын найман бүс, шар усны үерт өртөх суурьшлын гурван бүс, уруйн үерт өртөх суурьшлын 75 бүс, үүнээс онц эрсдэлтэй 20 бүсэд 28 мянга 843 өрх амьдарч байгаа бөгөөд эхний ээлжид дээрх өрхүүдээс онц эрсдэл бүхий нөхцөлд амьдарч буй 2900 өрхийг 29 байршилд нүүлгэхээр болсон байна.Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх 29 байршилд нийт 427.3 га газрыг бэлдээд байгаа ажээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн цаашид хэрэгжүүлэх менежментийн дөрвөн стратеги гаргаад байгаа бөгөөд хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний дагуу шинээр үерийн 345 км далан, суваг барихад 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Мөн Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай захирамжийн хүрээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд олгож, шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөсөн 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, шинэ концепц стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 171 га талбай эзэлсэн 294 мянга гаруй барилга, байгууламж байгаа аж. Үүн дээр төлөвлөгдсөн байгаа 1642 барилга нэмэгдвэл, 304 мянга 979 болох бөгөөд талбайн хэмжээ нь 441 га-д хүрэх юм байна. Энэ нь нэг га талбайд 460 хүн оршин сууж байгаа нягтралтай 116 хэсэг 142 болж нэмэгдэж, тэр хэрээр хүн амын хэт нягтаршил үүсэх эрсдэлтэй гэж үзжээ.