Виртуал хөрөнгийн зах зээл хамгийн тааруу үзүүлэлттэй жилүүдийнхээ нэгийг үдэж буй ч крипто компанийн захирлууд ажилтнуудынхаа тоог цөөлж эхэлснээс харвал уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бололтой.
Сүүлийн хоёр өдрийн хугацаанд “Bybit” болон “Swyftx” крипто биржүүд нийт ажилтнуудаа 30 болон 35 хувиар цомхотгосон байна. Үүнээс долоо хоногийн өмнө тэдний томоохон өрсөлдөгч “Kraken” мөн ойролцоо тоо хэмжээгээр цомхотгол хийжээ.
Тэрбумтан Сэм-Бэнкман Фридийн “FTX” бирж дуулиантайгаар дампуурлаа зарласны дараа дээрх биржүүдийн удирдлагаас салбарт тулгараад буй сорилтуудыг бодитоор үнэлэх хэрэгтэй болсон байна.
2023 оны эхний хагаст виртуал хөрөнгийн арилжааны хэмжээ огцом унах магадлалтайг “Swyftx”-ийн Гүйцэтгэх захирал Алекс Харпер онцолж байлаа. Мөн “Bybit” биржийн Гүйцэтгэх захирал Бен Жоу “Салбарын болон зах зээлийн өнцгөөс тооцоолж байснаас ч илүү хатуу өвөл хүлээж байна” хэмээжээ.
Энэ онд виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.доллароор унаж, жижиг арилжаалагчид олноороо гарсныг даган арилжааны хэмжээ огцом буурсан тул крипто биржүүд хямралын гол дарамтыг үүрч байна.
Ирэх онд “Bitcoin”-ийн ханш 70 хувиар унаж, 5000 ам.доллар хүрэх нь “тийм ч цочирдом үзүүлэлт болохгүй” гэдгийг “Standard Chartered” банкны Олон улсын судалгааны хэлтсийн захирал Эрик Робертсон онцоллоо. Энэ нь “Bitcoin”-ийн үнэ 2021 оны 11 дүгээр сард дээд түвшинд буюу 69 мянган ам.доллар хүрч байсантай харьцуулахад 90 хувиар унасан үзүүлэлт юм.
Энэхүү уналт нь “Бодлогын хүү эрчимтэй нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг тогтворгүй байгаа үед дижитал салбарт хөрөнгө оруулагчдын итгэлийг улам сулруулах нөлөөтэй байж болзошгүй” гэдгийг тэрбээр тодотгожээ. Харин нөгөө талд алт тэргүүтэй бусад төлбөрийн хэрэгслийн эрэлт нэмэгдэж магадгүй гэж “Standard Chartered” үзэж байна.
Мөн Эрик Робертсон “Арилжааны идэвх нь зах зээлд 30 гаруй хувиар эрчимжээд байгаа алтны үнэ ирэх онд криптовалютын ханш унахтай зэрэгцэн унц нь 2250 ам.доллар хүрч магадгүй” гэжээ. Энэ нь одоогийн зах зээлийн ханшаас нь бараг 1.4 дахин өндөр дүн юм.