Зургийг: Bloomberg Daybreak
“Apple” компанийн хувьцааны ханш гурав орчим хувиар унаснаар ердөө хоёрхон хоногт зах зээлийн үнэлгээ нь 200 орчим тэрбум ам.доллароор буурлаа.
Сүүлийн хоёр арилжаа дараалан “Apple” компанийн хувьцааны ханш нийт 6.4 хувиар буурсан нь нэг сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болов. Хувьцааны ханш нь унахаас өмнө энэ он гарсаар 46 хувиар өссөн нь технологийн салбарын хувьцааны томоохон өсөлтийн нэг болоод байв.
БНХАУ-ын Төрийн зарим байгууллагууд ажилтнуудаа “iPhone” болон бусад гадаад брэндийн ухаалаг гар утасны хэрэглээг хориглосон тухай мэдээлэл гарсны дараа “Apple”-ийн хувьцааны ханш сүүлийн нэг сарын хамгийн өндөр дүнгээр дүнгээр унасан юм. Сүүлийн байдлаар энэхүү хязгаарлалтын хамрах хүрээг улам өргөжүүлэх төлөвтэй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
“Wall Street Journal”-ийн мэдээлснээр БНХАУ Төрийн өмчит агентлагууд, компаниудад энэ хязгаарлалтаа давхар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
БНХАУ нь “Apple” компанийн хувьд хамгийн том гадаад зах зээлийн нэгт тооцогддог учир хязгаарлалтын арга хэмжээ нь сорилт дагуулахаар байна.