Төрөөс Мөнгөний бодлогод баримтлах үндсэн чиглэлд инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд авчрахаар зорьж байгаа нь олон улсын байгууллагуудын төсөөллөөс эерэг байна.
Есдүгээр сард Азийн Хөгжлийн банк Монгол Улсын 2023 оны инфляцын төсөөллөө 9.3 хувиас өсгөж, 11.6 хувь болгосон юм. Харин Дэлхийн банк 2023 онд инфляц 10.5 байна гэж төсөөлж байгаа бол Олон Улсын Валютын Сан (ОУВС) 12.3 хувь хүрнэ гэж тооцоолжээ.
ОУВС-ийн ажлын хэсэг есдүгээр сард Монгол Улсад ажилласныхаа дараа танилцуулсан дүгнэлтдээ 2023 он дуустал инфляц Монголбанкны зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэйг анхааруулсан юм.
Төсөв, төсвийн шинжтэй дэмжлэг, цалингийн доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн өсгөх шийдвэр, төгрөгийн ханшийн уналт инфляцыг эрчимжүүлсэн хэвээр байхыг онцолж байна.
Харин Азийн Хөгжлийн банк нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсантай холбоотой импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляц өндөр түвшинд хэвээр байна гэж дүгнэжээ.
Мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсаар байгаагийн нэг тод жишээ бол хамгийн том дэвсгэрт болох 20 мянган төгрөг анх гүйлгээнд гаргаж байсан 2006 онд 17 ам.доллартой тэнцэж байв. Харин 11 дүгээр сарын 11-ний өдрийн ханшаар 5.8 ам.доллартой тэнцэж байна.
Дэлхийн банк 2023 онд нийлүүлэлтийн сүлжээний үнийн өсөлтөд үзүүлэх нөлөө буурч магадгүй ч өсөлтийг дэмжих бодлогын нөлөөгөөр дотоодын эрэлт эрчимжсэнээр инфляцын дарамт үргэлжилсэн хэвээр байхыг тодотгож байгаа юм.
ОУВС болон Дэлхийн банкны жил бүрийн уулзалтаар ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева улс орнууд төсвийн дэмжлэгээ инфляцыг улам эрчимжүүлэхээргүй маш оновчтой байлгах ёстойг анхааруулж байв.