Зургийг: Luís Filipe Catarino/ Bloomberg Businessweek
2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын эхэн үед Португал зэрэг Европын 10 гаруй улс төсвийн алдагдлыг бууруулахын тулд "хөрөнгө оруулалтын хариуд паспорт” төсөл хэрэгжүүлсэн юм. Тухайн үед энэ талд Европын Холбооны бүх улсыг хамарсан өргөн хэмжээний журам байгаагүйн улмаас улс бүрийн тавих шаардлага хоорондоо ихээхэн ялгаатай байв. Тухайлбал: хөрөнгө оруулалтын босго дүн Латви улсад 55 мянган ам.доллар байсан бол Нидерланд улсад 1.3 сая ам.доллар байжээ. Үүнийхээ хариуд хөрөнгө оруулагчид ихэвчлэн 3-5 жил тухайн улсад амьдрах эрх авах, цаашлаад иргэншил мэдүүлэх боломжтой болдог байна.
Европын Холбоо энэхүү "Алтан виз" хөтөлбөрийг ардчиллын үнэт зүйлд харшилсан шинжтэй, мөнгө угаах үйл ажиллагааг өөхшүүлэх магадлалтай хэмээн үзэж, Засгийн газруудад үүнийгээ зогсоохыг урт хугацааны турш шаардсаар иржээ. “Европын үнэт зүйл бол худалдаж авч болохоор зүйл биш” хэмээн Европын Холбооны Хууль зүй, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төлөөлөгч Дидье Рейндерс өнгөрсөн онд шүүмжилж байсан юм.
Хэдий тийм боловч дээрх хөтөлбөр Европын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 2016-2019 оны хооронд 3.8 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн гэж Европын Парламент мэдээллээ. Гэхдээ нэг нь хожиж байхад нөгөө нь хожигдож байдаг ёсоор үүнийг даган орон сууцны үнийн өсөлт урт хугцаанд үргэлжилсэн нь “Алтан виз”-тэй, чинээлэг гадаадын иргэд тухайн улсын иргэдийн орлогоос давсан үнийн хөөсрөл үүсгэж байна гэсэн ойлголтыг төрүүлжээ. Үнэндээ зах зээлийн судалгаанаас харвал “Алтан виз”-д хамрагдагсад орон сууцны үнийн өсөлтөд бараг л нөлөө үзүүлээгүй байгаа аж.