logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    О.Эрдэнэдалай: Монголын стратегийн ордын цаана Төрийн оролцоо байх учраас гадаадын хөрөнгө оруулагчид эрсдэл гэж хардаг
    О.Эрдэнэдалай: Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт хийхэд харьцангуй таатай улс
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 02 15:29
    435
    Бизнес хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар "Мелвилл Эрдэнэдалай" хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэдалайтай ярилцлаа

    - Бизнесийн эрх зүйн орчин хэр сайжирсан гэж та харж байна вэ? 

    - Сүүлийн таван жилд бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин харьцангуй тогтвортой байна. Огцом сайжраагүй, огцом муудаагүй. Гадаад хөрөнгө оруулалт талдаа өмнө нь ямар байсан тэр хэвээр байгаа.  Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт хийхэд харьцангуй таатай улс. Төв Азийн бүс нутагтаа байдаг цорын ганц Ардчилсан улс болохоос гадна хөрөнгө оруулалтыг хамгаалсан олон улсын зарчмууд тодорхой хэмжээнд байгаа. Хэдий тийм боловч гадаадын хөрөнгө оруулалт татахад бодлогын хувьд хэд хэдэн алхам хийх хэрэгтэй.

    “Оюутолгой” төслөөс хойш том хэмжээний хөрөнгө оруулалт Монголд орж ирсэнгүй. Тийм учраас дахиад өөр мега төсөлд гадаадын томоохон компани орж ирснээр түүнийг дагасан туслан гүйцэтгэгч болон бусад хөрөнгө оруулалтууд орж ирэх магадлалтай. Засгийн газар үүнийг бодолцож байгаа байх гэж найдаж байна. Тэгэхээр мега төсөлд хөрөнгө оруулалт татах нь чухал байна.

    - Бизнес эрхлэгчдийн хувьд мэдээж хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг чухалчилдаг. Ойрын хугацаанд бизнесийн орчинд эерэг өөрчлөлт гарсан уу?

    - Шууд эерэг өөрчлөлт гарсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ гарна гэсэн найдлага байна. УИХ-ын намрын чуулганаар гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэгдэх хүлээлттэй байна. Үүнд: Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгаас гадна одоогийн Концессын хуулийн үйлчилж байгаа болон сул талыг шинэчилсэн Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хуулиудаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг гурван чухал хууль УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж, сайжрах болов уу гэж харж байна.

    Татварын багц хуулиуд өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор сайжирсан ч зүйл байна. Бас татварын албадад хэт их мэдэл өгөөд, татварын байгууллага бизнес эрхлэгч хооронд үүсэж байгаа үл ойлголцол ч байна. Гэхдээ том зургаараа татварын орчин сайжирсан нь бизнесийн орчинд сайнаар нөлөөлөх болов уу гэж харж байна. Шууд дүгнээд хэлэхэд хууль эрх зүйн орчин сайжирсан зүйл байхгүй ч сайжирна гэсэн хүлээлт, итгэл үнэмшил байна. Харж л байя.

    - Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сүүлийн найман жилийн хугацаанд татарсан хэвээр байна шүү дээ?

    - Манай хуулийн фирм сүүлийн 10 жил гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байна. Гадаадаас сонирхож байгаа сонирхол харагдаж байгаа боловч бодитоор хөрөнгө оруулалт буурч байна. Яах ч аргагүй сүүлийн 2-3 жилд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй. Хоёр аргаар олгодог байсан ч нэг аргаар олгодог болоод одоо яах нь мэдэгдэхгүй байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийсний дараа тусгай зөвшөөрлөө олгодог болно гээд уул уурхайн салбарт орж ирэх шинэ хөрөнгө оруулалт буурсан байгаа. Шинэчилсэн найруулгаар үүнийг сайжруулах болов уу гэж найдаж байна.

    Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг салгах гэх мэт. Хайгуул хийх нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл зардал болдог. Үүнийг аль болох нээлттэй болгоосой, өргөдлөөр олгодог зарчим руу буцаж ороосой гэж хүсэж байна. Хэдий тийм боловч шинэчилсэн найруулга нь олон нийтэд нээлттэй, ил болоогүй байгаа учраас ямар төсөл байгааг мэдэхгүй байна.

    - Монгол Улс хууль тогтоомжийг ил тод боловсруулж, урьдчилан таамаглах хуудас хэрэгжүүлдэг бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх шаардлагатай гэж АНУ-ын Төрийн Департаментаас гаргасан тайланд зөвлөсөн байна. Энэ талд бодлогын хувьд ямар ажлууд хийгдэх ёстой гэж та харж байна вэ?

    - Угаасаа манайд байдаг л зарчим л даа. Шинээр хууль журам гаргахдаа  эрх ашиг нь хөндөгдөх бүлгээс санал авдаг. Тэр бол байгаагүй биш байсан процесс. Үүнийг бүгд ойлгоод арай илүү нээлттэй болж эхэлж байна. Тодорхой хуулиуд дээр хэлэлцдэг болсон. Түрүүн хэлсэнчлэн Татварын багц хуулиудыг ярихад бол яах ч аргагүй олон нийтэд танилцуулж, бизнесийн байгууллагуудаас саналыг нь аваад тусгахыг нь тусгаад хэлэлцээд явж байсан. Өнгөрсөн хугацаанд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Стратегийн хөрөнгө оруулалтын хууль гэх мэт гэнэтийн шийдвэрүүд гарч байсан. Тэгэхээр дээрх шиг алдаануудыг давтахгүйн тулд ийм процесс явах нь зөв болохыг ойлгоод Хуулийн тухай хууль баталсан. Тэр нь 100 хувь хэрэгждэг үү гэвэл өөр асуулт.

    - Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах талд олон улсад өрсөлдөөн нэмэгдсэн. Бодлогын хүрээнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж харж байна?

    - Хамгийн түрүүнд Төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Ялангуяа уул уурхайн салбарт. Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой том компаниудын сонирхдог нэг зүйл нь, Монголд стратегийн  орд гэдэг томьёо байдаг. Стратегийн ордыг маш ерөнхий томьёолсон. УИХ нь тухайн ордыг шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлээд стратегийн орд гэж нэрлээд томьёолоод болдог. Стратегийн орд гээд нэрлэчихвэл Төр зайлшгүй 34 эсвэл 51 хувийг авах эрх нь нээгдээд явчихдаг. Ингээд харахаар дэлхийн томоохон “S&P 500” индексэд бүртгэлтэй компаниуд ч юм уу томоохон уул уурхайн компаниуд Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл “Оюутолгой” шиг томоохон ордод хөрөнгө оруулах сонирхолтой. Тэгэхээр энэ болгонд заавал Төртэй хамтарч нийлж компани байгуулах ёстой юу гээд эрсдэлүүд байна гэж харж байна. Тиймээс цаашид

    Монгол Улсын Засгийн газар татвараа авдаг, татвараас гадна өөр Монголд ямар хэрэгтэй туршлага, орон нутгийг хөгжүүлэх ажлууд хийх вэ гэдэг дээрээ тохироод ямарваа нэг тодорхой хувь эзэмшихгүйгээр тухайн компанийг удирдах бүх эрх мэдэл боломжийг  хөрөнгө оруулагчдад өгөөд явбал илүү зүгээр болов уу гэж харж байна. Түрүүн хэлсэнчлэн Монгол Улс БНХАУ гээд дэлхийн томоохон зах зээлийн хажууд байж байна. Мөн харьцангуй Ардчилсан улс. Хэдий тийм боловч Төрийн оролцоо бий болох эрсдэл байсаар л байгаа учраас томоохон компаниудыг орж ирэхгүй байна гэж бид харж байна.

    - Өнгөрсөн оны энэ үед та хөрөнгийн зах зээл хөгжихийн хирээр авлига буурна гэж бичиж байсан. Үүний гол мөн чанарыг хэрхэн тодорхойлж авч үзсэн бол?

    - Авлига бага хөгжсөн улс орнуудыг харахаар хөрөнгийн зах нь хөгжсөн байдаг. Ер нь бол улс төр, бизнес хоёрыг аль болох салгах хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд нь бусад бизнестэйгээ өрсөлдөөд байх биш, харьцангуй нээлттэй компаниуд нь бизнесийн үйл ажиллагаа явуулаад, иргэд нь зах зээлдээ оролцдог гэдэг өнцгөөр харж байна.

    Авлига гэдэг нь хууль, журам батлаад алга болчихдог зүйл биш. Яах ч аргагүй мөнгөний эргэлт, аливаа сонирхлын зөрчил үүсэх бүх зүйлийг хааснаар бид том зургаараа авлигатай тэмцэж чадна.

    Cэтгэгдэл бичих