АНУ-ын хамгийн том крипто бирж “Coinbase Global”-ийн хувьцааны ханш бүх цаг үеийн доод түвшинд хүрч буурлаа. Энэ нь хөрөнгө оруулагчид “FTX”-ийн уналт бусад крипто биржүүдэд нөлөөлнө гэж болгоомжилж байгаатай холбоотой аж.
Даваа гарагийн арилжаагаар “Coinbase Global”-ийн хувьцааны ханш 10.3 хувиар буурч, 40.6 ам.доллар болсон байна.
2021 оны дөрөвдүгээр сард тус компанийн нэгж хувьцааны ханш 429 ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өсөж байсан юм. Харин түүнээс хойш хувьцааны ханш нь эрчимтэй буурсаар байна. Тодруулбал: 2022 он гарсаар “Coinbase Global”-ийн хувьцааны ханш 80 гаруй хувиар унажээ.
Түүнчлэн бусад криптотой холбоотой хувьцаануудын ханш ч эрс буурсан дүнтэй байна. Тухайлбал: “Bitcoin”-ийн ханш энэ он гарсаар 65 хувиар буурсан бол даваа гарагийн байдлаар 15 мянга 589 ам.доллар болж, 4.1 хувиар унажээ.